Лос-Анжелесийн олимпод эмэгтэй тамирчдын тоо эрэгтэйчүүдийнхээс давна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 10


Олон Улсын Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар 2028 оны олимпын наадмын төрлүүд болон оролцох тамирчдын квотын шинэчилсэн мэдээллийг танилцууллаа. Танилцуулгын дагуу Олимпын түүхэнд анх удаагаа эмэгтэй тамирчдын тоо эрэгтэйчүүдийнхээс давахаар болж байна.

Нийт тамирчдын тоо Парисын олимпынхтой адил 10 500 байх ч гэлээ эмэгтэй тамирчид 5333, эрэгтэй тамирчдын квот 5167 байхаар танилцуулсан байна. Энэ тоонд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16 шигшээ багийг оролцуулдаг байсныг 12 болгож цөөлжээ. Харин усан полоны төрөлд эмэгтэй 10 баг оролцуулдаг байсныг эрэгтэйчүүдийнхтэй адил 12 болгож нэмсэн байна. Мөн бокст эмэгтэйчүүдийн нэг жинг нэмсэнээр эрэгтэйчүүдийнхтэй адил тус бүр 7 жинтэй болох ажээ.

Лос-Анжелесийн олимпын наадамд спортын шинэ зургаан төрлийг нэмж оруулах юм. Ингэснээр нийт 31 төрлийн спортоор тамирчид өрсөлдөнө. Лос-Анжелесийн олимпын наадам 2028 оны долоодугаар сарын 14-30-нд болно.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu