Серена Уильямс: Намайг бол 20 жилээр шийтгэж, бүх цомыг минь хураах байлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 18


Дэлхийн тэргүүн теннисчин Янник Синнер хоёр ч удаа допингийн шинжилгээнд “унасан”. Шинжилгээгээр стероид клостебол илэрсэн юм. Гэвч ердөө гурван сар л тэмцээнд оролцох эрхийг нь хассан. Тиймээс энэ тавдугаар сарын 4-нөөс тэмцээнд оролцож эхлэх болно.

Тэгвэл Time сэтгүүлээс гаргасан Дэлхийн хамгийн нөлөөтэй 100 эрхмийн тоонд багтсан Синнерийн допингийн асуудлын талаар Серена Уильямс бодлоо хэлээд зогсохгүй өөр дээрээ орлуулж ингэж ярьжээ.

“Би теннист бас Синнерт хайртай. Манай спортын биширмээр залуусын нэг. Намайг бол хүмүүс байнга л доромжилж, “доош нь хийх”-ийг хичээсээр ирсэн. Харин би хэн нэгнийг тэгмээргүй байна. Эрэгтэйчүүдийн теннист Синнерийн орон зай үгүйлэгдэж байгаа.
 


Гэхдээ би түүн шиг асуудалд орсон бол намайг 20 жилээр тэмцээнд оролцох эрхийг минь хасах байлаа. Үнэнээрээ л байцгаая. Надаас бүр Их дуулгын цомуудыг минь хураах байсан шүү” гэж Серена Уильямс өгүүлжээ.

23 настай Синнер яагаад бие организмд нь анаболик стероид бага ч гэсэн хэмжээгээр орсон талаар хэлэхдээ “Энэ бол массажнаас л болсон зүйл. Би хэрэглээгүй” гэж мэдэгдсэн юм.

Мэргэжилтнүүд Синнерийн шинжилгээний хариуг дүгнэхдээ маш бага хэмжээгээр клостебол илэрсэн учир нэг бол олон сарын өмнө хэрэглэсэн үгүй бол үнэхээр массажны үеэр биед орсон байж болно гэж үзсэн байна. Тиймээс цөөн хэдэн сарын л шийтгэл оноосон гэж мэдэгдсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu