Эрүүл, чийрэг бие бялдрыг бүтээх бодит үлгэрлэл болсон “Anuxai’s fitness show”-ны гурав дахь дугаар өчигдөр /2025.04.21/ үзэгчдэд хүрлээ.
Шоу нэвтрүүлгийн шинэ дугаарт Монголын өнөө цагийн шилдэг тулаанчдын нэг Д.Батгэрэл хүндэт зочноор уригдав. Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг UFC холбоонд хүч үзсэн Монголын анхны тамирчин Д.Батгэрэл нэвтрүүлгийн оролцогчдод зөвлөгөө өгч, чийрэг, эрч хүчтэй бие бялдрыг бүтээхэд хувь хүнээс ямар хичээл зүтгэл, сахилга бат, тэсвэр хатуужил шаарддаг тухай сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэе.
-Дасгалжуулагч Анухай: Тэмцээнд бэлдэж байгаа үедээ сэтгэл санаагаар унах тохиолдолд өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн дэмждэг вэ, яаж тэр стрессээс гардаг вэ?
-Нэгд, дуртай зүйлээ хийж байна. Хоёрдугаарт, монгол өөрөө ямар түүхтэй орон билээ. Чингис хааны байлдан дагуулалт, дайн тулааны түүхийг сонсдог. Тухайн үед бол дайнд явдаг байсан. Бид нар бол тийм биш. Үсрээд л ялагдана биз. Тэгээд дуртай зүйлээ хийж байгаа учраас ялахын тулд яах ёстой, энэ бүх зүйлийг яах гэж эхлүүлснээ санаад зоригтойгоор дайрдаг.
-Дасгалжуулагч Анухай: Манай охидууд ч гэсэн 45 хоногийн хугацаанд шантрах гээд байвал тавьсан зорилгоо санах хэрэгтэй. Өөртөө зорилго тавьчихаад явж байхад шантрах, болимоор санагдах бодлууд хэд хэд орж ирнэ. Гэхдээ Д.Батгэрэлийн хэлснээр яагаад эхэлснээ, нэвтрүүлэгт яах гэж орсноо санах хэрэгтэй шүү.
-Дизайнер Т.Маргад-Эрдэнэ: Би таныг Монголын анхны UFC-д орсон тамирчин гэж сонссон. Энэ хүртэл явж ирэхэд хэр их хугацааг туулсан бэ?
-Анх 2005 онд тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. 2019 онд UFC-д орсон. UFC бол миний зорилго, мөрөөдөл байсан л даа. Их хугацааг туулж байж хүрсэн.
-Жүжигчин Д.Дөлгөөн: Тамирчин болоход багаасаа бэлтгэгддэг. Бид нар өнөөдрөөс бэлтгээд, хичээгээд явбал тамирчин болох боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Хамгийн гол нь хүн өөрөө дуртай зүйлийнхээ төлөө хичээгээд явах юм бол нас, хугацаа бол чухал биш. Гол нь зөв системтэй, ухаалаг, зорилгодоо үнэнч, хийж чадна гэсэн итгэлтэй байх юм бол хүн юуг ч бүтээж чадна.
-Дасгалжуулагч Анухай: Холимог тулаанчдын хоолны систем ямар байдаг вэ?
-Энергээ алдаж болохгүй учраас хооллолт маш чухал байдаг. Монгол хүн учраас махаа заавал иднэ. Гол нь хэзээ, хаана, яаж идэх вэ гэдгээ л тохируулдаг. Нүүрс усаа нөхье гэвэл өглөө нь талх, өндөг шараад идчихдэг. Орой бол борцны шөлөө ууна, мөн хөнгөн чанарын ногоо сайн иднэ.
-Дуучин Г.Эрдэнэтунгалаг: Жингээ сайн хасья гэвэл таны хэлж байгаагаар усаа л сайн уух ёстой юм байна?
-Өглөөнөөс авахуулаад усаа байнга авч явж, бага багаар шимж уудаг.
-Тамирчин хүний хувьд зөвхөн зорилгынхоо төлөө хичээж байгаа учраас гэр бүлдээ гаргах цаг бага байдаг байх. Таныг гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?
-Мэргэжлийн спорт учраас ар гэр дэмжихгүй бол болохгүй. Тэмцээн дөхсөн үед бэлтгэлийг бол удаан хийдэггүй. Нэг хийхдээ эрчимтэй хийдэг. Зарим тохиолдолд бэлтгэлийг нэг өдрийн дотор гурав ч хийх үе бий.
-Харваач Г.Жаргалмаа: Гэр бүлтэй юу?
-Одоогоор яг албан ёсны гэр бүл байхгүй.
-Жүжигчин Т.Номин: Маш их хичээл зүтгэлийн дараа тэмцээндээ ялалт байгуулчихаад хамгийн анх ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Анх Лас Вегаст ялалт байгуулаад бодогдсон зүйл их байсан. Бэлтгэл хийж байхдаа нутаг руугаа яваагүй учраас. UFC-ийн ноён оргилд нь гарчихаад "Ямар сайхан юм бэ, аав аа хүү нь чадлаа. Таныхаа нэрийг, Монголынхоо нэрийг дэлхийд гаргаад ялалт авч чадлаа" гээд баярлаж байсан.
-Дасгалжуулагч Анухай: Таны тулааны өмнөх нэг бичлэг байдаг. Өрсөлдөгч тамирчин малгайнд чинь хүрч, газар унагахад их тэвчиж байгаа харагддаг. Тухайн үед юу бодогдож байсан бэ? Магадгүй намайг тэгсэн бол би тэсэхгүй байх.
-Өрсөлдөгчтэй нүүр тулахад янз бүрийн тактик хэрэглэх байх гэж бодож байсан. Арай ч тэргүүнд хүрнэ гэж бодоогүй. Малгай унасан учраас хамгийн түрүүнд малгайгаа л авъя гэж бодсон. Маргааш нь тэртээ тэргүй тэмцээн болох байсан учраас тэмцээн л хурдан болоосой, бушуухан тулаан хийх юмсан гэж бодсон. Тэр бичлэгийг 126 сая хүн үзсэн байсан. Орон орны хэл дээр орчуулагдаж, цацагдсан. Тэр тамирчинд гэхдээ би баярладаг. Монгол хүнд малгай ямар чухал, тэргүүн нь ямар чухал гэдгийг ойлгуулж өгсөн үйлдэл гаргасан гэх юм уу. Түүнээс хойш бусад үндэстнүүд манай үндэсний хувцас, малгай зэргийг ихэд сонирхох болсон.
-Дуучин Г.Эрдэнэтунгалаг: Таны малгайнд хүрсэн мексик тамирчиндаа дараа нь тайлбарлаж хэлсэн үү. Ялангуяа манай монгол эрчүүдийн малгай, тэргүүн ямар чухал гэдгийг?
-Дараа нь тэр тамирчин маань өөрөө ирээд, уучлал гуйсан. Би монголчуудын агуу түүх, Чингис хааныг шүтдэг гээд, уучлал гуйсан. Тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс тийм үйлдэл гаргасан шүү гэдгээ хэлсэн. Би бас сайн тайлбарлаж өгсөн. Монгол хүний хамгийн эрхэмлэж явдаг зүйл бол малгай гэдгийг.
“Anuxai’s fitness show”-ны гурав дахь дугаарыг ШУУД ҮЗЭХ:
-Дизайнер Т.Маргад-Эрдэнэ: Тамирчин хүний хувьд зөв чиглүүлж яваа багш хамгийн чухал байдаг. Таны багш хэн гэж хүн байдаг вэ?
-Миний хамгийн анхны бэлтгэл хийлгэж байсан багш бол Гавьяат дасгалжуулагч Ж.Нарантунгалаг гэж бий. Боксын ОУХМ н.Ганбаатар багш байна. Монголчууд бол сайхан ард түмэн. Өөрсдийн чадах зүйлээ харамгүй заагаад өгдөг. Холимог тулаанаар хичээллэхэд олон төрлийн өөр өөр бэлтгэл ордог учраас надад олон багш зааж сургадаг. Тэдэндээ маш их баярлаж явдаг.
Сэтгэгдэл ( 1 )
сахлаа авчвал цэвэрхэн залуу харагдаж байна монгол эрчүүд залуугаараа тэнэг сахал тавьчихаар бүүр халтайчдаг.