Теннисчид тоглолтын дараагаар шүршүүрт орох нь элбэг. Тэгвэл шүршүүрт ороход нь допингийн эсрэг төвийн ажилтнууд хүссэн үедээ чөлөөтэй харж, ажиглах эрхийг дүрэмд тусгаж өгсөн байдаг ажээ.
Үүнийг цагтаа мэргэжлийн теннисчин байсан эдүгээ телевизэд экспертээр ажиллаж буй Марк Петчи шүүмжилсэн байна. Петчигийн гол санаа бол теннисчдийн зарим нь насанд хүрээгүй охид бүсгүйчүүд байдаг. Гэтэл дүрмийн дагуу шүршүүрт орохыг нь чөлөөтэй харах эрх олгочихсон. Допингийн шинжилгээ өгөхөөсөө өмнө хөлс их гарсан тамирчид хүйтэн мөсөнд суух юмуу эсвэл халуун шүршүүрт орох нь бий. Үүнийг Дэлхийн Допингийн эсрэг төвийн шинжилгээний дүрэмд зөвшөөрсөн. Гэхдээ шинжилгээ өгтлөө заавал допингийн эсрэг төвийн ажилтны хараан дор байх ёстой юм байна.
Марк Петчигийн байр суурийг сошиал ертөнцөд олон хүн дэмжиж буйгаа илэрхийлжээ. Гэвч хосын төрөлд өрсөлдөж явсан Австралийн Ренне Стаббс үүнд эмзэглээд байх зүйлгүй гэж мэдэгдлээ. Түүнийхээр бол дүрэм ийм л байсан, одоо ч тэр хэвээрээ л байгаа гэнэ.
“Допингийн шинжилгээ өгөх үйл явцын зарим хэсэг нь эвгүй санагдмаар гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Гэхдээ аливаа спортод зохих шаардлага гэж бий. Зөвхөн теннист ч биш бусад спортод ч тамирчид допингийн шинжилгээ өгөхөөс өмнө хараа хяналт дор заавал байх ёстой” гэж Дэлхийн Допингийн Эсрэг агентлагийн мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
“Дүрмийн энэ заалт бол энгийн, байх ёстой зүйл. Шинжилгээнд өгөх шингэнээ солих боломжийг хааж байгаа хэрэг. Тоглогчдыг шүршүүрт орж байхад нь хянаж, харж болно. Энэ нь шинжилгээг л үнэн шударга хариутай байлгах гэснийх” хэмээн Австралийн Допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ричард Ингс мэдэгдсэн байна.
Сүүлийн хэдэн сард талбайн теннисний ертөнц допингийн асуудлаас болж хүндхэн байгаа. Янник Синнер, Ига Свентек нарын одод шинжилгээндээ унасан хэрнээ маш богино хугацааны шийтгэл хүлээсэн нь шүүмжлэлийн бай болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )