NBA-гийн сүүлийн хэдэн цагийн мэдээг zindaa.mn үе үехэн багцлан хүргэж байгаа. Энэ удаагийн багц мэдээнийхээ богцыг задалъя.
“Индиана”-гийн Тайриз Халибертон “Бакс”-ыг үзэн яддагаа нуусангүй. “Үүнийг нуух гээд яах билээ. Тэд бидэнд таалагддаггүй, бид ч тэдэнд таалагддаггүй. Энэ их үзэн ядалтыг нуух ч хэрэггүй. Бид ч, тэд ч үүний төлөө л амьдарч буй мэт санагдаг. Гэхдээ миний үүрэг бол багтаа хожиход нь туслах” хэмээн Халибертон өгүүлжээ.
Саяхан “Сэлэнгэ Бодонс”-т гүйж явсан ДеМаркус Казинс NBA-д хамгийн ихээр хий хөөрөгдсөн тоглогчийг Рүди Гобер гэж хэллээ.
“Байгаагаас нь хэт өндрөөр үнэлж, хий хөөрөгдсөн тоглогч бол Халибертон гэж бодохгүй байна. Тэр тоглогч бол Рүди Гобер. Шилдэг хамгаалан тоглогчоор дөрвөн удаа тодорсон хэрнээ талбай дээр хэрэггүй байна гээд суулгадаг нь нэгийг өгүүлнэ. Бүр шагнал гардсан улиралдаа ч суугаад л байсан шүү дээ” гэж Казинс мэдэгджээ. Дашрамд сонирхуулахад, Сэлэнгийн бодон маань Пуэрто Рикогийн “Метс” клубт буцан очиж, “Эхлүүлснээ дуусгахаар боллоо” гэж мэдээлсэн байна.
Снүп Догг хоёр алдартай тоглогчийг хооронд нь харьцуулжээ. Харьцуулагдсан тоглогчид нь Мэжик Жонсон, Стеф Көрри юм.
“Аваргын цомыг таван удаа гардсан нь хамгийн чухал гэж би бодохгүй байна. Хамгийн чухал нь Стеф гурваас шиддэг. Харин Жонсон гурваас шиддэггүй. Хоёулаа л хамгаалалтандаа тус багатай. Талбайн хоёр талд тоглож чаддаг гэж хэлж боломгүй. Гэхдээ Стеф сагсанбөмбөгийг өөрчилсөн нь ихийг өгүүлнэ.
Залуудаа тоглож байхад маань бол зүгээр гүйж ороод холоос шидэхийг зөвшөөрдөггүй л байлаа. Хэрвээ тэгвэл шууд суулгачихна. Харин Стеф тэгж шидэж болно гэдэгт Дэлхий дахиныг итгүүлсэн. Тэгж л сагсанбөмбөгийг өөрчилсөн. Холбогч хэрнээ довтолгооны хамгаалагч шиг шиддэг.
Тиймээс би Көрриг Мэжиктэй эн зэрэгцэхэд ойрхон гэж хэлэх гээд байгаа юм. Сагсанбөмбөгийг шинэ шатанд гаргаснаар Мэжик Жонсоны лигт ирээд бүтээсэнтэй дүйх нөлөө үзүүлсэн” хэмээн Снүп Догг өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )