NBA-гийн сүүлийн хэдэн цагийн мэдээллийг багцлан хүргэдэг богцоо дахин задалъя. Муу мэдээгээ эхлээд дуулгая.
Жилберт Аренасын хүү 18 настай Эйлайж пүрэв гаригт Лос Анжелесийн ойролцоо автомашины осолд орж, эмнэлэгт яаралтай хүргэгдэн амьсгалын аппарат залгуулахад хүрчээ. Tesla Cybertruck загварын машинаа жолоодож яваад мод мөргөж, машин шатсан байна. Энэ хүү ирэх жилээс Өмнөд Калифорнийн их сургуулийн багт тоглох ёстой. Өөрийнхөө насанд чансаагаар 13-т бичигдэж буй тамирчин юм.
“Рокетс”-ийн хөгжөөн дэмжигчид дуу хоолой нэгтгэн Дрэймонд Грин рүү “Тонилж үз, Дрэймонд” хэмээн хашхирцгаасан. Тэгвэл сагсанбөмбөгч үүнд хариулт өгөхдөө “Өө, би хашхираан орилоон өмнө нь зөндөө сонссон болохоор ажраагүй. Тэгээд ч энэ бол тэднийх биш шүү дээ. “Бостон”-ы хөгжөөн дэмжигчдийнх байхгүй юу. Бусдыг юмыг хулгайлах муухай” гэжээ.
Харин Стиф Керр багийнхаа тоглогчийг өмөөрсөн байна. “Энэ нэг их сайхан сонсогдохгүй л байна. Хэдэн жилийн өмнө финалд “Бостон”-ы дэмжигчид бас яг ингэж байсан. Яахав амьдрал юм даа. Грин энэ лигт мөнхөрч байгаа хүн. Өдөөн хатгагч. Замналынхаа туршид олны анхаарлын төвд яваа. Аваргын цом, эрч хүч нь багтаж ядсан залуу. Тиймээс түүний тухай яриа гарсаар л байх болно. Өөрийнх нь нэг хэсэг шахуу юм. Гэхдээ хөгжөөн дэмжигчид нэг юмыг бодолцмоор байна, энэ хүн чинь бас үр хүүхэдтэй шүү. Магадгүй би хуучинсаг юм ярьж байж болно. Хөгжөөн дэмжигчид багаа дэмжихийг би эсэргүүцэхгүй. Өрсөлдөгч рүү ч хашхирна л биз. Гэхдээ “Тонилж үз” гэх нь арай дэндүү юу” хэмээн Керр өгүүлжээ.
Лука Дончичийн зүүн өвдөгнөөс тоглолтын үеэр цус шүүрээд байгаа талаар эмч Брайан Саттерер тайлбар хийсэн байна. “Өвдөгний булчингүй, өөхгүй яг тэр хэсэг гэмтвэл хөдлөхөөр цус гардаг талтай. Лука байнга идэвхтэй хөдөлж тоглодог болохоор тэндээ гэмтээд цус шүүрэх шинж нь дарагдахгүй. Тоглолтын дундуур хувцасны өрөөнд оруулж, шархыг нь янзлах ёстой. Үгүй бол цус гарсаар байх болно” гэж эмч хэлжээ.
Жимми Батлерийн гэмтлийн талаар Стеф Көрри ярихдаа “Дараагийн тоглолтод ч гараад ирэх боломжтой болохоор энэ талаар би нэг их олон юм яримааргүй байна. Хэрвээ мөддөө тоглож чадахгүй бол ачааллыг өөр дээрээ авах болно. Бидэнд холио сэлгээ хийх янз бүрийн хувилбарууд бий. Батлер дээр тулгуурласан тусгай тоглолтууд байсан. Одоо бол бид аль болох энгийн тоглохыг зорино. Зөв, энгийн шийдвэр гаргана. Бөмбөгөө алдахгүй, үргэлж нээлттэй байж, заслон тавьж, шидэж тоглоно гэсэн үг. Энэ жирийн сагсыг л бид найдвартай сайн тоглож чадах эсэхээ үзэх хэрэгтэй” хэмээн Көрри өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )