Сахилгагүй сурагчдыгаа зодолдуулахгүй гэж аргаа барсан багшийн бодож олсон тоглоом

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 27


Сагсан бөмбөгийн спортыг АНУ-ын Спрингфилдийн олон улсын сургуулийн биеийн тамирын багш Жэймс Нэйсмитийг зохиосон гэж үздэг.

Тэгвэл эхэндээ Дэлхийн хамгийн түгээмэл, хамгийн алдартай спортыг зохиох гэсэндээ бус харин хэдэн сахилгагүй, овилгогүй сурагчдаа л журамд оруулж, томоотой байлгах гэсэндээ толгойгоо ажилуулсан байна. Энэ бол 1891 онд болсон явдал.

“Үгүй ээ, би шинэ спорт зохиоё гэж огт бодоогүй. Зүгээр л манай хэдэн сахилгагүй, овилгогүй сурагчид байнга зодолдоод байхаар нь яаж нэг номхотгож, томоотой байлгая даа гэж бодсон юм. Өвөл ч байлаа. Хөвгүүд ч гэж хөвгүүд. Ердөө номхрохгүй. Үргэлж зодолдоно. Тоглохоороо нэгнээ түлхэж, гэмтээчих гээд болохгүй. Бие биенээ хайрлах, өрөвдөхийг мэдэхгүй.

Тэгээд л би өвөлдөө танхимд тоглож болохоор тоглоом бодож олъё. Тэгвэл эд нар танхай зангаа татаж, тоглоомдоо татагдана гэж бодсон юм. Гэхдээ тэр тоглоом хүчирхийлэл, зодоон цохионгүй байх ёстой. 14 хоногийн хугацаанд бодож олох үүрэг өөртөө өглөө.

Канадад багадаа шон руу чулуу шидэж тогтоох гэж тоглодог байснаа саналаа. Энэ тоглоомыг жаахан өөрчлөхөөр шийдсэн юм. Спортзаалны хоёр талд тоорны хоёр сагс өлгөж билээ. Тэгээд тийшээ бөмбөг шидэж хийлгэе гэж сэтгэсэн. Эхэндээ дүрмээ 13 заалттай бичсэн. Их энгийн дээ. Анхны тоглолтоо 1891 оны 12 дугаар сарын 21-нд эхлүүллээ. Жирийн л сурагчдын дундахь ердийн л нэг тоглоом. Гэхдээ хүүхдүүдийн дурлаж, шимтэж тоглож буйг, улайрч баясаж буй нүдийг нь хараад ямарваа нэг том юмны үзүүрээс атгасан мэт бодол төрж билээ.

Хүмүүс эхэндээ их гоочилно оо. “Тоорны сагс өлгөчихдөг гэнэ ээ!” гэж шоолцгооно. Тэд яахав тэгж шоолохоо бодовч харин би хөвгүүдээ эвтэй байлгах арга гэж тооцсон юм. Аажимдаа дүрэм төгөлдөржиж эхэллээ. Бөмбөг ч өөрчлөгдөж, сайжирлаа. Ингээд хөгжсөөр байгаад нэг мэдэхэд л олимпын төрөл болсон. Жирийн нэгэн сургуулийн арга барсан багшийн бодож олсон тоглоом Дэлхий нийтийн шимтэн дурладаг спорт болно чинээ төсөөлөөгүй.

Би сагсанбөмбөгийг өөрөө алдарших гэж зохиогоогүй юм шүү. Гарцаагүй шаардлага тулгарсан үед сэтгэж олсон маань л энэ. Заримдаа энгийн нэг санаа зөв цагаа олвол Дэлхийг өөрчилж болдог юм билээ” гэж Нэйсмит өгүүлж байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu