Модод нарны хиртэлтийг урьдчилан мэдэрдэг болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 01

Олон улсын судлаачдын баг нэгэн гайхалтай нээлт хийжээ. Шилмүүст модод нарны хиртэлтийг мэдрээд зогсохгүй урьтаж нэгэн зэрэг био цахилгаан дохио гарган, ой тэр чигтээ хариу үйлдэлд ордог байна.

“Royal Society Open Science” сэтгүүлд бичсэнээр, Италийн Доломито уулст байрлуулсан тусгай мэдрэгч төхөөрөмжүүд нар хиртэхээс хэдэн цагийн өмнө моддын цахилгаан идэвхжил нэгэн зэрэг огцом нэмэгдэж байгааг бүртгэсэн байна. Ингэхдээ хөгшин гацууруудын хариу үйлдэл илүү тод байсан нь тэд экологийн ой санамжийг хадгалах, улмаар залуу моддод мэдээлэл дамжуулдаг байх боломжтой гэж үзэж байна.

Ой мод нэгэн цэгцтэй амьд тогтолцоо шиг үйлдэл үзүүлэхийг бид ажиглаж байна гэж Австралийн Өмнөд Крестийн их сургуулийн профессор Моника Галяно тайлбарлажээ.

Квант орны онолын аргыг ашиглан энэхүү нэгдмэл үйлдэл нь мод хооронд ямар нэгэн бодисын солилцоогүйгээр болдгийг эрдэмтэд тогтоосон байна. Эл гайхалтай нээлт нь эртний ой моддын эко системийн амьдрах чадварт гол үүрэг гүйцэтгэдгийг нотолж байна. Хөгшин модод экологийн ой санамжийг хадгалдгийн хувьд ойн орчны өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдлийг зохицуулах чадвартай аж. Тиймээс эртний ойг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Учир нь эдгээр ой нь ургамлын хойч үед мэдлэг өвлүүлэхэд асар чухал үүрэгтэй юм гэж профессор Галяно онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu