“Лейкерс” багц: Сандал ч хамгаалж чаддаггүй Лука

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 02


“Лос Анжелес Лейкерс” плей-оффын эхний шатнаас хасагдсаны дараагаар шүүмжлэгчид амаа уралдууллаа. Лебронд ирэх улирал гэж бий эсэх тухай ч яриа гарлаа. Энэ талаар багц мэдээ бэлдлээ.

Өөрөө ч омголон тоглогч явсан Чарьлз Баркли өчигдрийн “Лейкерс”-ийн хожигдлын дараагаар омогтойхон шүүмжлээд авчээ.

“Лука чи чинь нэгдүгээр зэрэглэлийн тоглогч биз дээ. Мөн мөдхөн 300-400 сая ам.доллар авна гэж байгаа. Тэгвэл энэ мөнгөө авахын тулд ажиллах л хэрэгтэй байна даа. Хамгаалж тоглож ч чадахгүй юм. Лука бүр сандал ч хамгаалж чадахгүй.
 


Формдоо орж, хамгаалалтанд тоглож сурах хэрэгтэй. Гэхдээ эхлээд формдоо орчих. Тэгвэл багтаа нэмэртэй” хэмээн Баркли өгүүлжээ.

Тэгвэл Лука Дончич “Лейкерс”-тэй гэрээгээ сунгах эсэх талаар бодоогүй яваагаа хэлсэн байна. “Одоогоор энэ талаар бодоогүй байна. Тоглолтдоо л бүх анхаарлаа зориулчихсан байлаа. Харин одоо бүгдийг тунгаан бодох цаг ирлээ” гэж словен тоглогч ярьжээ. Ирэх зун түүнд клубын зүгээс 4 жилийн гэрээ санал тавих болно.

Жэй Жэй Редикийг шүүмжлэх хүн гарч ирж л таарна. Эхэлж ам нээсэн нь ESPN-ийн Брайан Уиндхорст байлаа.

“Энэ хувийн чанартай биш шүү. Жэй Жэй үнэндээ юм үзэж, нүд тайлаагүй дасгалжуулагч гэдгээ харууллаа. Өмнөх тоглолтуудын дүнд сэтгэлээр уначихаад, өөрийгөө ч удирдаж чадахаа больчихоор нь Режи Миллер хүртэл тайвшруулахад туллаа шүү дээ. Сэтгүүлчидтэй уулзаж ярилцахдаа ч уур бухимдалдаа шатаад яваад өгсөн. Юу ч асуусан байлаа гэсэн тэгж уурлаж болохгүй л дээ” гэж Уиндхорст сургамжилсан байна.
 


Ирэх улиралд баг дахиад цус сэлбэж, хүч нэмэх талаарх асуултад Леброн Жэймс “Энэ бол бизнес. Тиймээс ирэх улиралд багийн бүрэлдэхүүн ямар болох нь мэдэгдэхгүй. Гэрээтэй залуусаас бусдыг нь мэдэхгүй юм. Чөтгөр аваг, надад бодох юм их байна. Тиймээс энэ бүрэлдэхүүний талаар мэдэх, хэлэх юм алга. Одоогоор яг яах гээд байгааг мэдэхгүй байна” гэж 40 настай од өгүүлжээ

Леброныг ирэх улиралд тоглоно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ESPN-ийн эксперт Жэй Уильямс мэдэгдлээ. “Юу ч яриад байгаа юм? Леброн Жэймс ирэх улиралд тоглоно. Тоглох л болно. Хожигдохоор нь л ийм юм яриад эхлэхээр бүр дургүй хүрэх юм. Леброн Жэймсийг яаж тоглож буйг харсан байлгүй дээ. Ийм байж тоглохоо больчих хэрэг үү? Үгүй дээ, 23 дахь улиралдаа гарах л болно. Форм сайтай ч байна. Энэ улиралд гэмтэж бэртээгүй, биеийн бэлтгэл ч хангалттай сайн харагдсан” гэж Жэй Уильямс мэдэгдсэн юм.
 


2021 онд “Милуоки”-тай аварга болсон Жефф Тиг харин Леброныг шүүмжилжээ. “Яг үнэнээсээ хичээж тоглохгүй байна. Би тэрний эсрэг хангалттай олон гарсан. Үнэндээ одоо бол хүчээ дайчлахаа больжээ. Плей-оффын тоглолт ид бужигнаж байхад Броныг инээд наргиа хийж байхыг та нар өмнө нь харсан уу?” гэж Тиг хариу асуулт тавьсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu