Ронни О`Салливаныг мөрий, тоглолт наймаалцах хэрэгт унасан Жао Шинтүн яллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 03

 

Снүүкерийн  ДАШТ-ий шөвгийн дөрөвт домогт Ронни О`Салливан Хятадын 28 настай Жао Шинтүнд 7:17-оор ялагдлаа. Хятадын залуу тамирчин анх удаагаа ДАШТ-ий шөвгийн дөрөвт гарч ирсэн даруйдаа ийнхүү шууд финалд хүрч байна.  Харин 49 настай О`Салливаны хувьд ДАШТ-ий 14 дэх шөвгийн дөрвийн тоглолт байсан юм. Зарим мэргэжилтнүүд энэ тоглолтыг аваргын халааг шилжүүлсэн явдал боллоо гэж дүгнэжээ.

Ялагдлынхаа дараа О`Салливан залуу өрсөлдөгчдөө баяр хүргээд, үнэхээр сайн тоглосныг нь бахджээ. 4:12 байхад Роннигийн дэмжигчид сэргээд хожчихож чадна гэж найдаж байсны дагуу 2 дараалан баярлуулсан ч гэлээ Жао алдаа гаргалгүй байсаар ялалтад хүрч чадлаа.

 

 

Хятадын тамирчдын хувьд энэ бол ДАШТ-ий финалд хоёр дахь удаагаа гарч ирж байгаа нь. Жаогоос өмнө 2016 онд Дин финалд гарсан удаатай.

“Эргээд сайн тоглож чадна гэж найдаж байсан минь талаар болсонгүй. Тэмцээнд оролцоогүй бүтэн жил болсон шүү дээ. Эргээд тоглоход сэтгэл догдлоод, дарамт их мэдэрсэн. Ялангуяа эхний тоглолтын үеэр хэцүү санагдсан. Энэ хожлын дараагаар сэтгэлзүйн хувьд ядралт мэдрэгдэж байгааг нуугаад яахав.

 

 

Би бүр багаасаа л снүүкер үзэж, дурлаж өссөн. Гэтэл одоо өөрөө энд ингээд зогсож байна гэж бодохоор итгэхэд хэцүү юм. Роннигийн эсрэг тоглоно гэдэг онцгой сайхан байлаа. Багаасаа л Ронниг шүтэн биширч өссөн шүү дээ. Энд цугласан үзэгчид бүгд л Роннигийн төлөө байсан болохоор сэтгэл санаа хааяа амаргүй л байлаа. Гэхдээ ийм гайхамшигтай домогт тамирчинг дэмжихгүй, хайрлахгүй гээд яах билээ. Үүнийг би ойлгож байсан” гэж Жао ярьсан байна.

 

 

Бүтэн жил тэмцээнд оролцоогүй тухайд бол Жаог мөрий тавьсан, тоглолт наймаалцсан хэргийн улмаас тэмцээнд оролцох эрхийг нь 20 сараар хассан юм. Ингээд 2024 оны есдүгээр сард шийтгэлийн хугацаа дуусаж, сонирхогчдын снүүкерт эргэн тоглож эхэлсэн. Гэвч төрмөл авъяасаа хөлс хөдөлмөрөөрөө баяжуулсан Жао ДАШТ-д оролцохоор болсныг Ронни сонсоод “Би түүний Q Tour-ийн амжилтыг нь хараад огт гайхаагүй. Тэнд давамгайлна гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ дараалан ялж, энд, бүр шөвгийн дөрөвт гараад ирнэ гэдэг бол гайхамшигтай амжилт. Асар их нөөц чадвартай гайхалтай снүүкерчин. Үнэхээр авъяасаар бялхсан тамирчин” гэж магтсан байна.

 

 

Жаог тэмцээнд оролцох эрхгүй болсон үед Ронни Шеффилдэд хамтдаа бэлтгэл хийж, сэтгэлзүйгээр ч дэмжиж байсан тул бие биенээ маш сайн мэдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu