Гилжес-Александер: Хэд унах нь биш хэрхэн босох нь чухал

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 06


NBA-гийн плей-оффын хоёрдугаар шатны эхний тоглолтдоо “Оклахома” 119:121-ээр “Денвер”-т хожигдлоо.

Төгсгөлдөө бужигнаж, төсөөлшгүй шахам шидэлтээр дууссан сонирхолтой тоглолтын дараагаар “Оклахома”-гийн лидер Шэй Гилжес-Александер тоглолтыг амьдралтай зүйрлэжээ.

“Мөн ч сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн тоглолтууд болох шинжтэй. Одоо жинхэнэ сорилт хүлээж байна. Биднийг яг юугаар хийснийг шалгах сорилт тулж ирлээ. Амьдрал бол тоглолт. Хэдэн удаа унах нь чухал биш. Харин хэрхэн босож ирэх нь чухал.
 


Яг одоо бол хожигдсон болохоор өөрөөр тоглох байсан юм гэх мэт бодол төрнө. Ер нь хэн ч ингэж хожигдоно гэж бодохгүй шүү дээ. Гэхдээ төгсгөл дээр илүү сайжруулах шаардлага зүйл байгааг л харууллаа. Ер нь нартай сайхан цуврал болно, дардан замаар давхиад гарчихна гэж бид хүлээгээгүй. Түрүүн хэлсэнчлэн одоо ямар хариу барих нь л хамгийн чухал юм” гэж хэвлэлийн бага хурал дээр Гилжес-Александер хэлсэн байна.

Тоглолтын явцад 7 оноогоор хоцорч явахдаа Никола Йокич багийнхандаа хэрхэн тоглох талаар зааварчилгаа өгч буй нь эфирт тод туссан. Майк Мэлоуныг халсан учир плей-оффын өмнөхөн л Йокич дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэх шаардлагатай шахам болсон. Үүнийгээ ч энэ удаад сайн биелүүлж, хожиж чадлаа. Өөрөө ч 42 оноо авсан юм.

StatMuse-ийн мэдээлснээр бол NBA-гийн плей-оффын түүхэнд Никола Йокич 40 оноо, 20 самбар, 5 дамжуулалт, 2 блок-шоттой энэ тоглолтоороо түүхэн амжилт тогтоожээ. Өмнө нь ингэж тоглосон тамирчин байгаагүй гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu