28 настай Жао Шинтүн хэмээх хятад залуу снүүкерийн Дэлхийн аварга боллоо. Шөвгийн дөрөвт домогт Ронни О`Салливаныг 17:7-оор хожоод, финалд дахин нэг домог Марк Уильямсыг 18:12-оор буулган авснаар Хятадаас төрсөн анхны Дэлхийн аварга болсон юм.
Ронни О`Салливан түүнийг “Снүүкерийн Рожер Федерер” гэж тодорхойлсон бол харин Марк Уильямс “Снүүкерийн Люк Литтлер” гэжээ. Марк Уильямс финалд хожигдсоныхоо дараагаар сошиалоор дагагчдаа шөнө дунд болтол хөгжөөгөөд амжлаа.
Эхлээд уух гэж буй шотнуудынхаа зургийг, дараа нь шар айраг зэрэг балгах гэж буйгаа харуулж, шөнө 00:30-д “Сүүлчийнх нь би унтлаа” гэж бичжээ. Гэхдээ үүнээс өмнө Дэлхийн шинэ аваргыг шанаадаж буй зураг оруулахгүй байж бас чадсангүй.
Жао Шинтүн гурван жилийн өмнө Дэлхийн чансааны 6 дээр гарч ирсэн ч дараахан нь тоглолт наймаалцсан, мөрий тавьсан хэргийн улмаас 20 сар тэмцээнд оролцох эрхээ хасуулсан юм. Ингээд өнгөрсөн жилийн есдүгээр сараас сонирхогчдын тэмцээнээс эхлэн амжилттай тоглосоор ДАШТ-д оролцох эрхээ авчээ.
Хэдийгээр Хятадад снүүкерийн 300 000 гаруй клуб байдаг ч Жао Шинтүн Английн Шеффилдэд байрлаж, бэлтгэлээ хийдэг. ДАШТ болсон газраас ердөө 10 минутын газар. Түүний Дэлхийн аварга болсон тоглолтын шууд дамжуулалтыг урд хөршид 150 сая хүн зурагтаар үзсэн гэсэн тооцоо гарчээ.
“Хэрвээ алдаа гаргавал Марк тэр даруй ашиглана гэдгийг би мэдэж байсан. Тиймээс их болгоомжтой тоглолоо. Түүнтэй гар барихдаа би бараг уйлчих дөхсөн. Дэлхийн аварга болж чадна гэж бодоогүй явлаа. Одоо цомоо тэврээд, ээж аавдаа очиж үзүүлнэ” гэж Жао Шинтүн өгүүлжээ.
Харин Марк Уильямс “Сайн тоглож чадаагүй ганц тоглолт минь энэ байлаа. Финалын өмнө үнэхээр хүнд тоглолт хийсэн л дээ. Гэхдээ намайг шатаар доош буухад хүмүүс ямар сайхан хүлээж авсан гэж бодно” хэмээн өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )