Талбайн теннист өсвөр насандаа од болсон тамирчид цөөнгүй бий. Ойрын нэг жишээ нь Их Британийн Эмма Радукану. Одоо 22 настай Эмма 2021 оны US Open-д түрүүлсэн даруйдаа Дэлхий дахины танил од болон гялалзсан юм. Мөн алдар нэрийг дагаад олон шинэ танилтай болж, дасаагүй, мэдэхгүй орчинд орсон талаар өөрөө ярьжээ.
Түүний аав нь румын, ээж нь хятад. Өөрөө Канадад төрсөн. Харин иргэншил нь Их Британи. Эхэлж од болсон тэмцээн нь Их дуулгын дөрвөн цувралын нэг АНУ-ын нээлттэй тэмцээн гэж түрүүхэн өгүүлсэн. Яг л ингэж улс, үндэстэн эрээлжилсэн шиг түүний амьдрал алдаршсанаас хойш эрээлжилж, амжилттай нэг тэмцээний дараагаар амжилтгүй үетэй тулгарч, хоёр бугуй болон шагайндаа хагалгаа хийлгэх шаардлага тулгарснаар 8 сарыг эмнэлэг, гэртээ өнгөрүүлсэн удаатай.
Эмма Радукану сүүлийн жилүүдэд юу өөрчлөгдсөн тухай ярьсан байна. "Одоо би зөвхөн өөртөө итгэж, сэтгэлээ чагнаж, дагадаг болсон гэж хэлж болно. Бусдаас хараат бус гэх юм уу даа. Өмнө нь надад бодол, мэдрэмж төрөвч өөр хүмүүсийнхээр явсан үе бий. Зүгээр л өөртөө итгэх хэрэгтэй гэж бодохгүй явж" хэмээн ярьж эхэлжээ.
Ойрын жилүүдэд Радукану Дэлхийн чансааны 50 орчимд бичигдсээр байгаа. Дэлхийн шилдэг 50 теннисчин бүсгүйчүүдийн нэг байхад муудах юмгүй. Гэхдээ US Open-д хэдхэн жилийн өмнө түрүүлсэн одоо дөнгөж 22 настай тамирчны замнал цаашид өгсөх, уруудах нь олон хүний сонирхлыг татдаг.
Өөрөө бол зөвхөн теннист бус мөн мэдлэг боловсролд эргэн шамдах бодолтой яваа юм байна. Цар тахал гарахаас өмнө математик, физикийн хичээлдээ А үнэлгээтэй онц сурагч байсан цагаа дурсаж эхэлжээ.
“Би амьдралаас утга үгүйлж, адреналин мэдрэхийг хүсч байна. Цагтаа хичээлээс теннис рүү, теннисээс хичээл рүүгээ яардаг байлаа. Тэгэхээр миний амьдрал зөвхөн теннис биш байгаа биз” хэмээн тэр өгүүлжээ.
Алдаршснаас хойш олон танихгүй хүмүүсийн хүрээлэлд орж, алдаж эндсэн тухайгаа ч нуулгүй ярьсан байна. “Би өөрийгөө нээж ярьж чаддаггүй, дотогшоогоо хүн. Амьдралдаа өөрийнхөө талаар бүгдийг ярьсан хүн ч цөөн. Яг итгэсэн хүндээ л ярьж, өөрийгөө нээдэг юм. Гэхдээ миний сул тал юу вэ гэвэл нэг итгэчихвэл бүрэн итгэж, бүх юмаа тэр хүнд л зориулах гээд байдаг. Үүнээсээ болж хэд хэдэн удаа алдсан. Итгэж байсан хэд хэдэн хүн маань намайг гайхшруулсан. Гэхдээ яахав дээ, амьдрал тийм юм шиг байна. Тэгэхээр одоо хэнд итгэх вэ гэдгээ сайн бодож тунгаах болсон. Миний хагас нь их дотогшоогоо хүн гэж би боддог байхгүй юу. Одоо сэтгэл хөдлөл, орчин нөхцөлд автах бус харин байгаа юмыг байгаагаар нь хүлээн авч, суралцах хэрэгтэй болж байна.
Ялангуяа US Open-д түрүүлснээс хойш танилцсан шинэ хүмүүст итгэх эсэх дээрээ их бодохгүй бол болохгүй юм билээ. Одоо би танилын хүрээгээ чадахаараа л хумисан. Харилцах хүмүүс маань цөөн байх тусмаа улам бат бэх хамгаалалттай болсон шиг санагдаж байгаа. 18 нас хүртлээ аав ээжийнхээ л охин байлаа шүү дээ. Тэр хоёр минь бүх юман дээр тусална. Надад муу юм юу ч хүргэхгүй гэдэг байж. Гэтэл дараа нь гэнэт баахан хүн миний амьдралд ороод ирсэн. Ингээд би тамирчны хувьд ч, хувь хүний хувьд ч хэд хэдэн удаа буруутаж, алдаа гаргасан” хэмээн Эмма Радукану өгүүлжээ.
Өнөөдөр Ром хотноо Италийн нээлттэй тэмцээн эхэлж байгаа. Эмма энэ тэмцээнд өөрийгөө сорихоор очоод байгаа юм билээ.
Сэтгэгдэл ( 0 )