NBA багц: Халибертон сайн ээж болж, Көрригийн гуя гэмтэж, Тэйтүм шүүгчгүй тоглоё гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 07


Zindaa.mn сайт сагсан бөмбөгийн тухай, ялангуяа NBA-гийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудыг жижиг ганц мэдээгээр бус нийлүүлж нэгтгэн багцалж хүргэх болсон. Энэ удаагийн багцдаа дараах мэдээнүүдийг багтаалаа.

Хуруу нь ямархуу байгаа талаар Стеф Көрри ярихдаа “Миний хуруу одоо тоглож болохоор тун давгүй байгаа шүү. Тийм ээ, хүрэхээр, хөндөхөөр өвдөнө. Өвдөхгүй ч гээд яах билээ. Гэхдээ бүх зүйл сайн сайхан болно оо” гэсэн байна. Баруун гарынх нь эрхий хуруу гэмтэж өвдөөд хэдэн долоо хоног болж байгааг та сонссон байх. Харин сүүлийн мэдээгээр бол Көрригийн зүүн гуяны шөрмөс гэмтсэн тул ойрын тоглолтод оролцож чадахгүй болсон байна.
 


“Лейкерс”-т байсан Байрон Скотт 1987 оны хэрэгт буруутгагджээ. Одоо 53 настай Хэйли Дилан хэмээх эмэгтэй өөрийг нь 15 настай жаахан охин байхад нь Байрон Скотт бэлгийн харьцаанд орсон гэж шүүхэд ханджээ. Байрон харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч буй ч гэлээ 15 настай байсан гэдгийг нь мэдээгүй гэж мэдүүлсэн байна.
 


“Миний үйлчлүүлэгч 1987 онд болсон энэ явдлын талаар сонсоод балмагдсан. Яагаад гэвэл хохирогч гэх бүсгүйг 18 настай гэж бодсон байсан юм билээ. Гэтэл 35 жилийн дараа өөр юм яриад эхэлсэн байх юм. Байрон бол эмэгтэйчүүд, охидыг их хүндэлдэг хүн. Гэр бүлийнхэн нь ч гэсэн ийм хэрэг мандсанд гайхаж байгаа” хэмээн өмгөөлөгч нь мэдэгджээ.
 


Руди Гобер цуврал таарсан Дрэймонд Гриний тухай ингэж ярьжээ. “Дрэймонд бол Бүх цаг үеийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг байх болно. Ширүүн дориун тоглох болно. Тэр яг өөрийнхөрөө л тоглоно, тийм биз? Миний хувьд мөн өөрийнхөөрөө байх л чухал. Мөн л адил ширүүн тоглож, хэцүү бэрх үед хийж чаддагаа хийх ёстой. Тэгж байж манай баг хожно. Надад энэ тэмцэл таалагдана. Биеийн хүчний тэмцэл сайхан. Би догдолж байна. Тэр ширүүн тоглогч юм бол би ч мөн ялгаагүй” гэж Гобер хэлсэн аж.
 


“Индиана”-гийн Тайриз Халибертон өөрийгөө ээжтэй зүйрлэжээ. “Кливленд”-ийн эсрэг цувралын эхний тоглолтдоо 13 дамжуулалт өгсөн учир ийм зүйрлэл рүү орсон байна. “Дамжуулалтуудаа сайн өгсөн гэж бодож байна. Зөв шийдвэр гаргаж, залуусыгаа тоглолтод аль болох оролцоотой байлгахыг хичээлээ. Бөмбөгөө алдахгүй, багаа араасаа дагуулахыг зорилоо. Тиймээс ч би холбогч гэдэг ээжтэй адил гэдэг юм. Холбогч хүн багийнхнаа бүхэлд нь халамжилдаг. Би маш сайн халамжлахсан гэж хичээдэг. Бид хожсон болохоор их сайн ээж байж чадлаа л гэж бодож байна” хэмээн Халибертон өгүүлжээ.
 


Рассел Уэстбрүкийг Никола Йокичтой харьцуулж ярихаар Лу Уильямс шийджээ. “2-3 улирал дараалан Уэстбрүк трипл-дабл хийхэд түүний Бүх цаг үеийн шилдэг 10-ын нэг гэж ярьж байгааггүй. Тэгэхээр одоо Йокич мөн ийм амжилт үзүүлээд байхад юу гэж ярихыг харцгаая” гэж Лу Уильямс хэлсэн байна.
 


“Бостон”-ы Жэйсон Тэйтүм нэгэн содон санаа гаргажээ. Плей-оффын тоглолтуудыг шүүгчгүй хийе гэсэн байх юм.”Никс”-ийнхэн хэрцгийдүүхэн тоглоод байхад шүүгч шүглээ үлээхгүй байсан нь багийнх нь довтолгоонд нөлөөлсөн эсэх талаар хэлэхдээ “Энэ хоорондоо холбоогүй зүйл. Энэ чинь плей-офф. Магадгүй ийм ширүүн тоглох юм бол шүүгчгүй үзвэл яасан юм бэ?” гэж хэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu