NBA-гийн ээлжит багцалсан мэдээгээ та бүхний өмнө задалж байна.
Лигийн гурван удаагийн аварга Дуэйн Уэйд шинэ салхи исгэрч, шинэ үеийнхэн лигийн гол тоглогчид болж буй талаар ярьсан байна. “Ашгүй нэг залуус гарч ирлээ. “Дөрвөн жилийн 200 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурах боломжийг нээж өгсөн та бүхэнд баярлалаа. Гэхдээ одоо та нар минь явах цаг болжээ. Одоо бидний шоу эхлэх цаг” гэж залуу тоглогчид хэлж чадахаар хэмжээнд хүрчээ” хэмээн Уэйд өгүүлсэн байна.
Стеф Көрри гуяны арын гэмтлийнхээ талаар мэдээлэл өгсөн байна. “Өмнө би ийм гэмтэл авч байгаагүй. Хурдан эдгэх эсэхээс л талбайд түргэн гарч чадах эсэх минь шалтгаална. Тэрнээс хурдлуулж бас болохгүй. Хэзээ болгоомжлолгүйгээр тоглож болох вэ гэдгээ өдөр өдрөөр үнэлж дүгнэх ёстой. Тэрнээс түргэн эдгэх гэж адган яарах биш юм” хэмээн Көрри өгүүлсэн байна лээ.
Ганц Көрри ч биш Леброн Жэймс бас гэмтэлтэй байгаа. Өвдөгний гэмтэл. “Анх удаа л өвдөг гэмтлээ. Өвдөгний энэ гэмтлийн улмаас анх удаагаа л шууд босож чадалгүй бага зэрэг хэвтэж байж босох болж байна. Гэмтлийг бол шууд мэдэрсэн. Яагаад гэвэл урьд нь ийм өвдөлт мэдэрч байгаагүй” гэж тэрбээр өгүүлжээ.
Рассел Уэстбрүк рүү шүгэлдээд байдаг хүмүүсийг огт ойлгодоггүй гэдгээ Никола Йокич хэлсэн байна. “Өө, яадгийг нь мэдэхгүй. Тэдний өөрсдийнх нь л асуудал. Би бүр юу хэлэхээ ч мэдэхгүй байна” хэмээн Йокич хэлжээ.
“Никс”-т хоёр дараалж хожигдсоны дараагаар “Бостон”-ы лидер Жэйсон Тэйтүм “Энэ цувралд ингэж тоглож байгаагийн хариуцлагыг би бүрэн өөр дээрээ авна. Хий хоосон чимж гоёж, зөвтгөл хайгаад яахав. Би илүү сайн тоглох ёстой. Илүү сайн тоглоно ч гэж бодож байгаа” хэмээн ярьсан байна.
Тэйтүмийн багийн хожигдол “Бостон”-ы домог Пол Пирсийг гэрээсээ FS1-ийн студи хүртэл 25 километр газар алхахад хүргэжээ. Өөрөө тэгж амласан учир хожигдлын дараагаар хэлсэндээ хүрэх шаардлагатай болсон юм. “Ийм юм хийхээс өөр аргагүй байдалд орууллаа. Би хэлсэндээ хүрдэг хүн. Аялал минь сайн байна уу?” гэж алхалтынхаа өмнө Пирс өгүүлээд амжжээ.
Сэтгэгдэл ( 0 )