Александер-Арнольд руу шүгэлдэн бүүлж, “Ганцхан Конор Брэдли л бий” гэж хашхирцгаав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

Өчигдөр Английн Премьер лигийн 36 тойрогт “Ливерпүүл” талбайдаа “Арсенал”-тай 2:2-оор тэнцлээ.

Тоглолтын 67 дахь минутад Конор Брэдлиг суулгаж, Трент Александер-Арнольдыг сэлгээгээр гаргасан юм. Энэ агшнаас эхлэн стадионы уур амьсгал өөрчлөгдөж, зарим фанатууд бүүлж дургүйцлээ илэрхийлсэн бол зарим нь алга ташиж байлаа. Энэхүү хоёрдмол хандлагын дундуур хэсэг фанатууд “Ганцхан Конор Брэдли л гэж бий” хэмээн хашхирцгаасан нь Испанийн “Реал Мадрид” руу үнэгүй очихоор болсон Трент Александер-Арнольдод дургүй нь хүрж, үзэн ядаж буйгаа илэрхийлсэн явдал байв.

Александер-Арнольд бага наснаасаа “Ливерпүүл”-ийн академид суралцсан, нутгийн залуу. Гэвч унаган клубтэйгээ гэрээгээ сунгахгүй байсаар ийнхүү ид ирэн дээрээ буюу 26 настайдаа Мадридын клубт үнэгүй очихоор болсон юм. Энэ талаараа албан ёсоор зарласнаас хойшх анхны тоглолт тул фанатууд хурцаар хүлээн авлаа.

“Ливерпүүл”-д тоглож байсан эдүгээ SkySports-ийн экспертээр ажиллаж буй Жэйми Каррагер тоглолтын дараагаар “Талбайд гарах хэрэггүй юм байгаа юм. Түүнийг ёслол төгөлдөр үднэ гэж байхгүй л болов уу. Өөрөө л явъя гэж шийдсэн шүү дээ. Тийм болохоор л фанатууд дургүй байгаа юм. Гэхдээ өнөөдөр шүгэлдэж, бүүлснийг бас зөв гэж болохгүй. Зүгээр өөр хөлбөмбөгчдийн нэрсийг дуул л даа. Түүн рүү шүгэлдэж, бүүлэх хэрэггүй. Улирлын төгсгөлд микрофон өгч үгээ хэл гэж байгаа юм шиг тоглолтын төгсгөл рүү ч гаргах хэрэггүй” хэмээн Каррагер өгүүлжээ.

Тэгвэл багийн дасгалжуулагч Арне Слот “Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой. Түүнийгээ хүссэн хэлбэрээрээ л илэрхийлэх эрхтэй. Фанатууд янз бүрээр л хүлээж авлаа. Харин миний хувьд бол хожих чухал учраас л гаргасан.

Конор Брэдли тоглолтыг үргэлжлүүлж чадахгүй болоход сэлгээнээс ганц Трент Александер-Арнольд л нөхөж гарах боломжтой. Тиймээс л гаргасан. Багтаа хожил авчрах ч дөхлөө. Тэгэхээр миний шийдвэр бол их энгийн. Хожих л гэсэн юм. Харин фанатууд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” гэжээ.

Тренттэй хамт талбайд гараад нөгөө жигүүрт нь тоглоод сурчихсан Энди Робертсон “Энэ явдлыг тойрсон сэтгэл хөдлөл, эгдүүцэл их байх шиг. Тэгэхээр би ингэж бодож байна гээд яриад баймааргүй санагдлаа. Бусад хүмүүс ч бас надад тиймэрхүү юм хэлэх хэрэггүй. Сайн найзыгаа явахаар болсонд сэтгэл гонсгор л байгаа. Хоёулаа олон ч удаа хамт гарлаа шүү дээ. Сайн ч залуу, мундаг ч хөлбөмбөгч. Чин сэтгэлээсээ хэлэхэд, намайг илүү сайжруулсан хүн бол тэр юм. Төсөлөө ч үгүй түвшинд минь гаргасан. Тэгээд яахав, өөрөө сонголтоо хийлээ. Энд цом гардлаа, аварга боллоо. Түүхэнд үлдэх болно.

Мэдээж, Трентэд ийм шийдвэр гаргах хэцүү байсан. Гэхдээ нэгэнт гаргачихсан шийдвэр. Хэн хэнийгээ шүгэлдэж, бүүлж байхыг сонсох муухай л юм. Гэвч хүмүүс хэрхэхээ өөрсдөө л мэднэ шүү дээ. Би бол түүнийг найзын хувиар, хөлбөмбөгчийн хувиар хайрладаг гэдгээ л хэлэх байна. Түүнийг үгүйлэх болно” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu