Энтони Эдвардс: “Чиний чадах чинь ердөө л энэ үү?” гэж Керр асуусан...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

2020 онд “Голден Стэйт” драфтаар Энтони Эдвардсыг авахаар төлөвлөсөн ч “”Миннесота” урдуур нь авчихсан гэдэг. Энэ талаар Стив Керр ярьжээ. Мөн тухайн үед юу болж, өөрт нь Керрийн үгс хэрхэн нөлөөлсөн тухай Энтони Эдвардс дурссан байна.

“Би Керртэй ярилцаж үзэх хүртлээ өөрийгөө хангалттай сайн хичээн ажиллаж байна гэж боддог байлаа. Түүнийг ирэхэд нь би яг бэлтгэл хийж таарсан юм. Тэгсэн бэлтгэл хийх гэхээр л байсхийгээд зогсоогоод “Чиний чадах чинь ердөө л энэ юм уу? Ерөөсөө тултлаа хичээгээд энэ үү?” гэж асууж билээ.

“Тийм ээ, би өөрийгөө бүрэн дайчилж байна. Та надаас юу хүсээд байгаа юм бэ?” гэж хариулсан юмдаг. Миний хөлс гоожоод бүр урсаад байгаа шүү дээ. Гэвч түүнд дутуу дулимаг санагдаад болдоггүй. “Чи Стеф, Кэй Ди юмуу Клэйг яаж ажиллаж, яаж хичээдгийг харах хэрэгтэй. Ер нь бол чи сайн бэлтгэлээ сайн хийдэггүй юм байна. Хэрвээ бид драфтын эхэнд авах эрхтэй байсан бол чамайг яасан ч сонгохгүй” гэж Керр хэлсэн.

Оройн хоолны дараагаар дасгалжуулагчтайгаа харьж явахдаа “Зарим нэг зүйлийг өөрчлөх ёстой юм байна аа. Яаж гэдгээ мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч байсан үүнээс дээр байх ёстой юм байна” гэж хэлж байлаа. Тэр мөчөөс хойш би заалнаас салахаа больсон. Одоо бол муурч унатлаа бэлтгэл хийдэг” хэмээн Эдвардс өгүүлжээ.

Стив Керрээс үнэхээр тийм яриа болж байсан эсэхийг лавлахад “Хөгжилтэй л юм. Тухайн үед би нэг их юм бодолгүй л хэлчихсэн хэрэг. Спортзааланд ердөө таван хүн байсан юм. Жо Лэйкоб, Боб Майэрс, би, Энтони, тэгээд түүний дасгалжуулагч байсан.

15 минут орчим нэг их хайнга сул маягийн бэлтгэл шидэлт хийхийг нь хараад “Хэзээ жинхэнэ бэлтгэл нь эхлэх юм бол?” гэж бодсон. Гэтэл тэр нь бэлтгэл байж таардаг юм. Тэгэхээр нь тэгж хэлсэн юм л даа. Миний үгийг сонсоод их гайхах шиг санагдсан.

Оройн хоолны дараа Боб бид хоёр түүнд Стеф, Кевин, Клэй нар хэрхэн ажилладаг тухай ярьж өгсөн юм. Ямар их хүч хөдөлмөр, хөлс чадал зарцуулж байж амжилтад хүрдгийг ойлгуулах гэж тэр. Бидний яриа таг дуугүй л сонсоод байсан. Түүнээс хойш 14 хоногийн дараа Эдвардс жинхэнэ бэлтгэл шиг бэлтгэл хийж эхэлсэн. Бэлтгэлээ тэгж хийхийг нь хараад бид драфтаар авах ёстой гэдэгтээ эргэлзэхээ больсон юм. Яалт ч үгүй авъяастай, харизмтай залуу байсан л даа” хэмээн Керр ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu