Жокович, Мюррей нар товлосон хугацаанаасаа өмнө хамтран ажиллахаа болилоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 13


Сербийн теннисчин Новак Жокович спортын замналаа өндөрлүүлсэн Их Британийн Энди Мюррейг дасгалжуулагчаар сонгон, хоёулаа тохиролцон ажиллаж эхэлснээс хойш зургаан сарын дараагаар “хоёр тийш” боллоо.

“Зургаан сарын турш намайг дэмжиж, хамтдаа амаргүй ажил хийсэн Эндид баярлалаа. Хамтын нөхөрлөлөө бэхжүүлсэн минь сайхан байлаа” хэмээн Новак Жокович мэдэгджээ. Жоковичийн энэ улирлын үр дүн тун тааруу байгаа тул цаашид хамтран ажиллахгүй гэж шийдсэн юм.

Энди Мюррей ч хамт зургаан сар ажилласанд нь Жоковичт талархжээ. “Сүүлийн зургаан сар хүнд ажил хамтдаа хийсэн багийнханд нь болон хамт ажиллах боломж олгосон Новакт баярлалаа. Улирлын үлдсэн хэсэгт их амжилт гаргахыг хүсье” хэмээн Мюррей өгүүлжээ.
 

Алдартай хоёр теннисчний хамтын ажил Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд Карлос Алькарасыг хожсоноор тун амжилттай эхэлсэн. Үүний дараагаар өөрийг нь дахин хөгжүүлж чадаж буйг Жокович бахдалтай өгүүлж, улмаар Уимблдон хүртэл хамтран ажиллахаар тохирсон юм.

Гэвч үүний дараа гурав дараалан Майами, Мадрид, Монте Карлогийн тэмцээнд эрт хожигдсон нь байдлыг өөрчилсөн. Якуб Мэнсик, Алехандро Табило, Маттео Арнальди нарын зэрэг тамирчдад хожигдсон. Дараалан хожигдоод байсан учир Жокович Италийн нээлттэй тэмцээнд оролцохоос татгалзахад хүртэл хүрсэн. “Би өмнө нь тулгарч үзээгүй үнэнтэй нүүр тулж байна гэж хэлж болно. Одоо тэмцээнд дээшээ өрсөлдөж чадах тухай бус харин нэг, хоёр хожих талаар л боддог боллоо. 20 гаруй жилийн мэргэжлийн теннисчний замналдаа хэзээ ч мэдэрч үзээгүй зүйлтэй тулгарлаа. Энэ нь сэтгэлзүйн хувьд ч том сорилт юм. Тэмцээний эхний шатанд хожигдоод байхаар сэтгэл санаа аргагүй тавгүйтдэг юм байна” гэж Жокович өгүүлжээ.
 


Францын нээлттэй тэмцээнээс долоо хоногийн өмнө болох Женевийн нээлттэй тэмцээнд Жокович Wildcard-аар оролцохоор шийдсэн нь бэлтгэлээ сайн хангахыг хүссэнийх гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu