Жэйсон Тэйтүм хагалгаа хийлгэсэн ч ирэх улиралд тоглох эсэх нь эргэлзээтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 14


NBA-гийн аварга “Бостон Селтикс”-ийн лидер Жэйсон Тэйтүм өнгөрсөн даваа гаригт плей-оффт “Нью-Йорк Никс”-тэй цувралын дөрөв дэх тоглолт хийхдээ сүүлчийн шүгэл дуугарахаас 2:58 минутын өмнө ямар нэгэн контактгүйгээр гэмтэж, талбайгаас түшүүлэн гарсан.

Тэр даруй ахиллын шөрмөс тасарсан байж магадгүй гэж эмч мэргэжилтнүүд дүгнэсэн нь үнэн болж таарсан. Тэгвэл өчигдөр буюу мягмар гаригт хагалгаа хийлгэжээ.
 


“Бостон” клубээс гэмтлийн талаарх албан ёсны мэдэгдэл гаргахдаа “Өнөөдөр Жэйсон Тэйтүм тасарсан ахиллын шөрмөсөндөө хагалгаа хийлгэсэн нь амжилттай боллоо. Одоогоор эдгэх хугацаа тодорхойгүй байна. Гэхдээ бүрэн эдгэнэ гэж үзэж байна” хэмээн тэмдэглэжээ.  2019 оны финалд Кевин Дюрант яг ийм гэмтэл авч, 2019/2020 оны улирлыг бүхэлд нь өнжсөн тохиолдол бий. Ахиллын шөрмөсийн гэмтэл бүрэн эдгэрэх эсэх нь эргэлзээтэй, маш хүнд гэмтэлд тооцогддог. Тиймээс 2025/26 оны улиралд Жэйсон Тэйтүм тоглох эсэх нь ч эргэлзээтэй гэсэн үг.

27 настай Тэйтүм 28.1 оноо, 11.5 самбар, 5.4 дамжуулалтаар багийнхнаа тэргүүлж явсан. Гэмтэхийнхээ өмнөхөн 42 оноо авсан нь плей-оффт хамгийн өндөр оноо авсан тохиолдол нь болоод байсан юм.
 


Тэйтүм гэмтсэн тоглолтод баг нь хожигдсоноор цуврал 3:1 болсон. NBA-гийн түүхэнд 3:1-ээр тэргүүлж яваа баг цувралд ялагчаар тодорсон нь 95.6 хувьтай байдаг. Нийтдээ 293 удаагийн ийм тохиолдлоос ердөө 13 удаа л цувралд хожигдож явсан баг “барьж”, ялагч болж байжээ.

“Мэдээж, юу болсныг ойлгож байна. Энэ бол спортын хэрцгий тал нь. Гэхдээ бид урагшаа тэмүүлэх ёстой. Тэгээсэй ч гэж Тэйтүм хүсэж байгаа” хэмээн төвийн тоглогч Кристапс Порзингис ярьсан байна.
 


Тэгвэл Жэйлэн Браун “Дараагийн тоглолтдоо л бэлдэх хэрэгтэй. Тэмцэлд бэлэн байх ёстой. Талбайдаа гарч, хийх ёстойгоо хийх хэрэгтэй. Энэ бол бидний зорилго. Манай багт хангалттай олон тоглогч бий. Тоглогч бүртээ бид итгэдэг” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu