ОХУ-ын Элчин сайд Ц.Чимэдцэрэн болон "Фронт" Цэгмид гуайг хүлээн авч уулзлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

Хоёр домогт монгол эмэгтэй Ц.Чимэдцэрэн болон “Фронт” Цэгмид хэмээн алдаршсан С.Цэгмид гуай Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор Москва яваад ирсний дараагаар тавдугаар сарын 14-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд тэд нартай хийх уулзалт боллоо.

Хоёр эмэгтэй Орос, Монголын найрамдал, дайчин нөхөрлөлийн түүхэнд үүрд бичигдэн үлджээ. Тухайн үед 16 настай бүсгүй Ц.Чимэдцэрэн 1939 онд Халхын голын орчимд Зөвлөлт, Монголын цэргүүд Японы милитаристуудын эсрэг байлдахад фронтод сувилагч байсан бол 19 настай С.Цэгмид Аугаа их Эх орны дайны үед Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Зөвлөлтийн цэргүүдэд зориулсан 3-р ээлжийн хүмүүнлэгийн тусламжийг фронтод хүргэсэн төдийгүй И.В.Сталинтай уулзсан түүхтэй.

Одоо хоёр эмээ маань 102, 103 нас тус тус хүрсэн байна. Ийнхүү С.Цэгмид гуай 83 жилийн дараа Москвад дахин айлчилж, Улаан талбайд болсон Ялалтын парадыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт үзсэн. Харин Ц.Чимэдцэрэн гуай ОХУ-ын нийслэл хотыг анх удаа очиж үзсэн бөгөөд өөрийнх нь хэлснээр Москва түүнд маш их таалагдсан.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков хоёр ахмад дайчин болон тэдний төрөл төрөгсөд ОХУ-д хийсэн айлчлал нь амжилттай өндөрлөсөнд баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг, урт удаан наслахыг хүсэн ерөөв.

"Та хоёр маань дайны хүнд хэцүү жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнд үзүүлсэн үнэлж баршгүй тусламжийн жинхэнэ бэлгэ тэмдэг юм" гэж Элчин сайд онцлон тэмдэглэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu