Дэндүү бариу, татгар хувцастай гэж шүүмжлүүлсэн тамирчин бүсгүй хариулт өглөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

Германы долоон төрөлтийн 27 настай тамирчин бүсгүй Сабрина Ройш сошиал ертөнцөөр нэгэн халуун сэдвийн гол баатар болж хувираад байна.

Халхалттай гүйлт, уртын харайлт, 200 метрийн зайн гүйлт, жад шидэлт зэрэг хэд хэдэн төрлөөр уралддаг бүсгүйн сүүлийн тэмцээнд оролцохдоо өмссөн хувцсыг нэгэн интернэт хэрэглэгч шүүмжилсэн юм. “Чиний наад хувцас чинь арай дэндүү бариу бас татгар юм аа. Бурхан минь, биеэ заавал ингэж харуулалгүйгээр бэлтгэлийн өмд цамцаа өмсөөд уралдсан ч надад эвтэйхэн л байх болно” гэж тэрхүү интернэт хэрэглэгч хэлсэн юм байна.

Үүнийг дагаад сошиал ертөнцөд нэлээн яриа өрнөлөө. “Чи залуухан, бие галбир чинь жавхайсан сайхан харагдаж байна. Ийм байх цаг хугацаа урт биш болохоор байгаагаасаа таашаал авч, бусдад ч гэсэн таашаад мэдрүүлж явах нь зөв” гэж нэгэн хэрэглэгч өмөөрчээ.

Өөр нэгэн хэрэглэгч “Надаас хол жад шиддэг болчихоод энэ үгээ хэлээч гэж хэлэх хэрэгтэй” гэх юмуу “Асар их хөлс, хөдөлмөр зарцуулж байж өрсөлдөж байхад хүмүүс бие галбир, хувцас хунар ярьж суух юм даа” гэж бичсэн харагдана. Гэтэл өөр нэгэн “Яагаад ингээд дотуур хувцастай тэмцээнд оруулаад байдаг юм бэ?” гэж асуужээ.

Сабрина Ройш энэхүү шүүмжлэлд хариулахдаа “Би уралдаан тэмцээнд оролцохдоо хүссэн хувцсаа л өмсөх болно” гэжээ. Саявтархан Лондонд болсон марафон гүйлтэд Их Британийн Холли Арчер мөн “Уучлаарай, зүгээр бэлтгэлийн цамц, өмдтэй гүйчихэж болдоггүй юм уу?” гэж шүүмжлүүлээд авсан юм.

Үүнээс өмнө Паралимпийн хошой аварга Оливиа Бринийг Английн АШТ-д оролцох үеэр шүүгч “Чиний өмссөн хувцас чинь дэндүү задгай юм” гэсэн тохиолдол гарч байлаа. “Шүүгчийг тэгж хэлэхэд миний хэл татчих шиг л болсон. Би олон жилийн турш спортын нэг л хувцсаа өмсөж байгаа. Тэмцээн уралдаанд оролцоход тусгайлан зориулсан хувцас шүү дээ” гэж Оливиа Брин тайлбар хийхээс аргагүйд хүрч байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu