NBA-гийн шөвгийн дөрөвт шалгарагсад юу өгүүлэв?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 19

NBA-гийн плей-оффын шөвгийн дөрвөн баг шалгарлаа. “Тандер”, “Никс”, “Миннесота” тэгээд “Индиана”.

“Никс” 1973 оноос хойш NBA-гийн аварга болоогүй. “Индиана” ABA-д байхдаа л аварга болсон. “Оклахома” бол Сиэтлт гэртэй байхдаа 1979 онд түрүүлсэн. Гэтэл “Миннесота” бүр финалд ч шалгарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, сүүлийн 45 жилийн турш NBA-гийн аварга болж үзээгүй, зарим нь бүр финалын бараа хараагүй багууд шалгараад байна.

Комиссар Адам Сильвер дараа сард энэ дөрвийн аль нэгд нь Ларри О`Брайений шагналыг гардуулахад 7 жил дараалан  7 өөр баг аварга болсон анхны тохиолдол бүртгэгдэх болно.
 


2017, 2018 онд “Голден Стэйт” дараалан түрүүлснээс хойш 2019 онд “Торонто”, 2020 онд “Лейкерс”, 2021 онд “Милуоки”, 2022 онд “Голден Стэйт”, 2023 онд “Денвер”, 2024 онд “Бостон” аварга болсон. Үүнээс өмнө ингэж 7 жилийн турш өөр өөр баг түрүүлсэн удаагүй юм.

2015-2018 оны улирлуудад “Кливлэнд”-“Голден Стэйт” дараалан финалд үзэлцсэнээс хойш NBA багцаалахын аргагүй өрсөлдөөн бий болгохыг зорьж эхэлсэн. Түүнийхээ ч үр дүнг хүртэж байгаа нь энэ юм.

“Миннесота”-гийн дасгалжуулагч Крис Финч “Гол зорилгодоо хүрэхэд бидэнд 8 хожил үлдлээ. Хоёр цуврал байна. Бид замынхаа дунд орлоо” гэжээ.
 


NBA-гийн 30 багаас 26 нь энэ улирлыг дуусгачихлаа. Гэвч хамгийн сонирхолтой нь одоо л эхэлж байна. Өрнөд бүсийн 6-д бичигдсэн “Миннесота”-гийнхан нэгээр гарсан “Оклахома Сити”-тэй орон нутгийн цагаар энэ мягмар гаригийн орой тоглох бол Дорно бүсийн 4 дээр жагссан “Индиана” яг дээр нь бичигдсэн “Нью-Йорк”-той лхагва гаригийн орой тулна. Өнгөрсөн жил “чононууд” бүсийнхээ финалд хожигдсон. Жилийн өмнө “Индиана” мөн бүсийнхээ финалд гараад хожигдсон билээ.
 


“Мөрөөдөл том байх хэрэгтэй” гэж “Индиана”-гийн дасгалжуулагч Рик Карлайл өгүүлээд “Дахиад хэзээ ингэж дээшээ гарч ирэхийг таамаглан хэлэх аргагүй шүү дээ. Тиймээс боломжоо ашиглах хэрэгтэй” гэжээ.

Үнэндээ ямар ч барьцгүй. Дараа жил юу болохыг таамаглахад тун бэрх. “Бостон”-ыг дараалаад түрүүлнэ гэцгээж байсан ч болсонгүй. Жэйсон Тэйтүм гэнэт л гэмтээд, тэдний цуврал тэр дороо “Никс”-дүүлчихлээ.
 


“Юу ч болсон, хэн ч бэртэж гэмтсэн байлаа гэсэн бид сайн багийг сайн тоглож л хожсон. Тийм ээ, тэд багийнхаа маш том хүчийг алдчихсан. Гэхдээ л сайн баг хэвээрээ л үлдсэн шүү дээ” гэж “Никс”-ийн хамгаалагч Жэйлэн Брансон өгүүлжээ.

Дэмиан Лиллард эхний шатанд ахиллын шөрмөс нь тасарснаар “Милуоки”-гийн найдлагыг үгүй хийчихсэн. “Кливлэнд” бүсээ тэргүүлж гарч ирсэн ч гэлээ олон тоглогч нь эрүүл мэндийн шалтгаанд ороогдсоноор “Индиана”-г давж гарсангүй.
 


Стеф Көрригийн гуяны арын шөрмөс сунаснаар баг нь “Миннесота”-г хожих хөзөргүй болчихов. “Тэр бидний нар. Энэ ертөнц бол нарны аймаг. Тэр манай нар байхгүй юу” гэж Стив Керр хэлсэн нь бүгдийг товчхон тодорхойлсон.

Одоо тэгвэл NBA-гийн нарны аймагт өөр одод чуулах цаг иржээ. NBA-гийн финалд MVP-ээр тодорч байсан тамирчдаас шөвгийн дөрөвт сүүдэр ч үлдсэнгүй. Финалд тоглож үзсэн нь гэвэл “Индиана”-гийн Паскаль Сиакам, Аарон Нэсмит, Томас Брайант, “Никс”-ийн Пи Жэй Такэр, Кэм Пэйн, Микал Брижэс тэгээд “Оклахома”-гийн Алекс Карузо нар л байна. Эдгээрээс финалд өөдтэй тоглосон бараг үгүй. Хамгийн дөнгүүр нь финалд 100 оноо авсан Паскаль Сиакам л байна.

Тэгвэл одоо NBA-гийн финалын MVP хэн болох вэ? Магадгүй “Оклахома”-гийн канад хамгаалагч Шэй Гилжэс-Александер байж мэдэх юм. “Никс”-ийн Брансон юм болов уу? Лигийн шинэ нүүр царай “Миннесота”-гийн Энтони Эдвардс ч байж болзошгүй. Эсвэл Индианагаас өөр газар үнэлэгддэггүй олимпын аварга Тайриз Халибертон байхыг үгүйсгэх аргагүй. Энэ дөрвөөс аль нэг нь MVP гардахад гайхах зүйлгүй.
 


“Бүсийн финалд шалгарах нь бидний эцсийн зорилго огт биш. Харин финалд хүрэхийн тулд давж гарах ёстой даваа юм” гэж Гилжэс-Александер өгүүлсэн байна лээ.

Шөвгийн дөрөвт шалгарчихаад буй багуудын энэ улирлын хоорондоо тоглосон дүнг нь тооцвол “Оклахома” яалт ч үгүй илүү байгаа юм. Тэд бусад гурвыгаа 6:2-аар илүүрхсэн. “Нью-Йорк”, “Индиана” тус бүр 3:4 бол “Миннесота”-гийнх 3:5 байна.

Хоорондоо таарсан өрсөлдөгчдийн энэ улирлын дүнг харвал “Оклахома”-“Миннесота” дөрвөн удаа тулахдаа, хожил хожигдол тэнцжээ. Оноогоор бол “Тандэр” 475-472-оор бага зэрэг илүү байна.

“Никс” харин “Индиана”-г 2 хожиж, нэг хожигдсон. Энэ гурван тоглолтод гурвуулаа 11-ээс дээш онооны зөрүүтэй дууссан байх юм.
 


“Бидний ажил дуусаагүй байна. Бүсийн финалд хүрэх сайхан. Гэхдээ энд хүрсэн баг бүр илүү том зорилго руу тэмүүлнэ. Бидний зорилго бол зөвхөн бүсийн финалд хүрээд зогсох бус аварга болох” хэмээн Тайриз Халибертон өгүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu