Ах дүү Ишикава Японы эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ахлагчаар томилогдлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 20

 

Японы Волейболын Холбоо эмэгтэй, эрэгтэй шигшээ багийнхаа ахлагч нарын нэрийг албан ёсоор зарлалаа.

2025/26 оны улиралд Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийг Маюү Ишикава ахлахаар болсон бол эрэгтэйчүүдийн шигшээ багийг түүний төрсөн өх Юүки Ишикава ахлах ажээ. Маюү Ишикава 4 дугаартай, Юүки 14 дугаартай тоглоно.

Ийнхүү Японы волейболын түүхэнд анх удаагаа ах дүү хоёр тамирчин шигшээ багийг зэрэг ахлахаар болж байна.

 

 

25 настай Маюү Ишикава Италийн Новара хотын багт тоглодог. Харин 29 настай Юүки Ишикава Италийн Перужа хотын багт тоглодог. “Перужа” баг дөнгөж уржигдар Европын Аваргуудын лигийн финалд Польшийн “Заверце”-г 3:2-оор хожиж, түрүүллээ. Гэхдээ Юүки Ишикава MVP-ээр нэрлэгдэж чадсангүй. Перужагийн багийн ахлагч Симоне Жанеллид хувийн хамгийн том шагнал очсон юм.

 

 

Үүний дараагаар Юүки Ишикава ярихдаа “Би нэг талдаа жаргалтай, нөгөө талдаа сэтгэл жаахан гонсгор байна. Дэлхийн шилдэг тамирчин болох тийм ч амар биш юм. Дахиад илүү сайжрах хэрэгтэй. Хэдийгээр би мөдхөн 30 нас хүрэх ч гэлээ илүү сайжирч, илүү хүчтэй болж болно гэж боддог. Үнэндээ хувийн шагнал гардахыг маш их хүсэж байлаа. Гэхдээ бас MVP-ээр шалгарсан Жанеллигийн өмнөөс баяртай байна” хэмээн өгүүлжээ.

 

 

Волейболын шигшээ багуудын шинэ улирал зургаадугаар сар гармагц эхэлнэ. Зургаадугаар сарын 4-д Канадын Оттава, Бразилын Рио-де-Жанейро, БНХАУ-ын Бээжин хотноо эмэгтэйчүүдийн Үндэстнүүдийн лигийн тэмцээн эхлэх юм.

 

 

Харин үүнээс долоо хоногийн дараагаар Канадын Квебек, Бразилын Рио-де-Жанейро, БНХАУ-ын Сианед эрэгтэйчүүдийн Үндэстнүүдийн лигийн тэмцээн эхэлнэ. Шигшээ багууд бүрэлдэхүүнээ зарлаж эхлээд байгаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top