NBA багц: Жордан NBC-д очиж, Энтони Эдвардс үл харамсаж, Аренас орой гарахгүй байхыг анхааруулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 30

 

Сагсанбөмбөг сонирхогчдодоо zindaa.mn сайт ээлжит мэдээний багцаа дэлгэж байна.

Аугаа Майкл Жордан NBC-д ажиллахаар болсон талаар мэдээлэхгүй байхын аргагүй. Ирэх улирлаас NBC –д NBA-гийн тоглолтуудын талаар үзэл бодлоо илэрхийлэх тусгай эрхтэй болсон.

Тэгвэл Доминик Уилкинс энэ мэдээг сонсоод эхэндээ итгээгүй гэдгээ хэлжээ. “Би энэ мэдээг сонсоод цочирдсон. Нэг л зүйлийг би их сайн мэдэж байна. Жордан ажиллахаар зөвшөөрнө гэдэг бол асар өндөр мөнгөн дүнтэй гэрээ л хийсэн байж таарна. Асар өндөр шүү” хэмээн дахин дахин хэлжээ.

Хоёр жил дараалан финалд гарах боломжоо таслуулсан Энтони Эдвардсаас сэтгүүлч “Та харамсаж байна уу?” гэхэд “Үгүй ээ, яагаад би харамсах ёстой гэж? Сайхан л байна шүү дээ. Би одоо 23 настай. Харин Майкл Конлигийн өмнөөс л харамсаж байна. Өнгөрсөн жил бид хичээсэн. Энэ удаад ч хичээлээ. Дараагийн удаад дахиад хичээнэ. Гэхдээ харамсах, гомдолтой байх гэдэг бол тохирох үг биш. Би зүгээр” хэмээн хариулжээ.

Энтони Эдвардсын энэ үгийг олж сонссон Лу Уильямс “Чиний өөдрөг зан надад таалагдаж байна. Гэхдээ чи замналынхаа эхэнд том амжилтад хүрлээ. Би бүсийн финалд 17 жилд нэг л удаа гарсан. Ийм боломж цөөхөн олддог. Чи азтай юм, хоёр жил дараалан бүсийн финалд гардаг. Гэхдээ бусад багууд сайжирна, чамайг хүлээхгүй шүү дээ” хэмээн өгүүлсэн байна.

Мэжик Жонсон “Оклахома”-гаас уучлалт гуйжээ. “Би “Оклахома”-гийнхнаас уучлалт гуйж байна. Та нарыг дутуу үнэлж, итгээгүйдээ уучлалт гуйя. Ийм баг бүрдүүлсэн ерөнхий менежерээ фанатууд нь үнэлэх хэрэгтэй. “Лейкерс”-т тоглож байсан Алекс Карузог финалд гарсанд баяр хүргэе.

Миний нэр бүхий шагналыг гардсан Шэй Гилжес-Александерт баяр хүргэе. Талбай дээр тэгж давамгай тоглочихоод талбайн гадна ямар сайхан даруухан байгааг нь харахаар үнэхээр үнэлмээр” хэмээн Мэжик Жонсон мэдэгджээ.

Сүүлд нь Жилберт Аренасын нэгэн анхааруулгыг дамжуулъя. “Тодорхой цагаас хойш гэрээсээ хэзээ ч битгий гарч бай. Гарах ямар ч хэрэггүй. Гудамжинд орой хэрэгтэй юм юу ч байхгүй.

Хамгийн аймшигтай цагдаа нар оройн 22 цагаас эхлэн жижүүрт гардаг. Тэд энэ цагаас хойш хамгийн айхавтар үйл явдлууд өрнөдгийг мэддэг учир хүсэн хүлээж байдаг. Тиймээс тэр цагуудад толгой тархи нь түрэмгийллээр дүүрчихдэг. Тэр цагдаа нарт таны хэн болох, яах гэж явааг ч ойлгохгүй. Нүдэнд нь өртөх ч хэрэггүй шүү” хэмээн Аренас анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu