Жокович зугтах аргагүй Синнертэй тулгарч, Гауфф үнсгэлжинг гэрт нь бут ниргэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 06

 

Өнөөдөр Ролан Гарросын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн дөрөвт Дэлхийн чансааг тэргүүлэгч Янник Синнертэй Сербийн домогт Новак Жокович хүчээ шавхан өрсөлдөх болно.

38 настай Жокович урьдын адил тэмцээн бүрийн тэргүүнд байж чадах эсэхээ нотлон харуулах уу, эсвэл сүүлийн 48 тоглолтынхоо 46-д нь хожсон Янник Синнерт яалт ч үгүй дийлдэх үү? гэсэн асуултын хариулт сонирхолт татна. 23 настай итали теннисчин 48-аас ердөө хоёрхон хожигдохдоо зөвхөн Карлос Алькараст л ялагдсаныг сануулъя.

Гэхдээ Жокович угийн хөгжилтэй, өөдрөг зангаараа “Ийм тоглолт л намайг улам сайжруулж, өргөж өгдөг юм” гэжээ. Өнгөрсөн жил энэ хоёр Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн дөрөвт таарахад Синнер хожиж, улмаар “Их дуулга”-д анх удаагаа түрүүлж байлаа.

Түүнээс хойш давуулалтын хүч болон мөн давуулалтыг авах чадвар нь эрс сайжирсан. Тиймээс ч том тэмцээнд түрүүлэхийг хүсч байгаа бол Янник Синнертэй заавал таарч, зайлшгүй хожих шаардлага өнөө цагийн теннисчдэд тулгарна гэдгийг хэн бүр мэдэж байгаа.

Хэдийгээр гурван сарыг допингийн шийтгэлийн улмаас өнжсөн ч гэлээ буцаад талбайд гармагцаа Италийн нээлттэй тэмцээний финалд хүрсэн нь Синнерийг ямар чадалтайг харуулсан.

Карлос Алькарас хүртэл хэдэн сарын “амралт”, хэзээ талбайд гарах бол гэсэн хүлээлт нь Синнерийг улам хүчтэй, сэтгэлзүйн хувьд илүү чангалж өгснийг онцголон дурдаад амжсан билээ.

“Янникийг яаж тоглохыг би мэдэж байна. Тэр сүүлийн жил хагасын хугацаанд тэмцээн бүрт маш өндөр түвшинд тоглож байгаа. Яг тэрүүгээрээ л тоглох болно. Тэрнээс муухан тоглох болов уу гэж найдахын ч хэрэггүй” хэмэн Жокович ярьжээ.

Жокович, Синнер хоёрын хоорондын харьцаа 4:4. Эхний гуравт нь буюу Синнерийг харьцангуй “ногоон” байхад Жокович хожсон бол сүүлийн гурван тоглолтод итали залуу дийлсэн юм.

Эмэгтэйчүүдийн өрсөлдөөн эцсийн ганц тоглолтод тулж ирлээ.

Шөвгийн дөрөвт Дэлхийн чансааг тэргүүлэгч Арина Сабаленка 7:6, 4:6, 6:0-ээр Ига Швёнтекийг хожсоноор Ролан Гаррост гурван жил дараалсан ноёрхлыг нь дуусгалаа. Харин нөгөө талд Коко Гауфф үнсгэлжингийн үлгэрийг амилуулж, өдий хүртэл цойлсон Луи Буассоныг 6:1, 6:2-оор “төрхөмд нь буцаав”.

Ингэснээр Дэлхийн чансааны эхний хоёрт бичигдэж буй тамирчид финалд ана мана үзэлцэхээр шалгаран ялгаран үлдлээ.

Луи Буассон чансааны 361 дээр эрэмбэлэгдэж буй тамирчин бөгөд энэ тэмцээнд Wildcard-аар орсон хэрнээ Оросын шинэ од Мирра Андрееваг шөвгийн наймд хожиж, том шуугиан тарьсан. Гэвч Коко Гауфф түүнд үлгэрээ үргэлжлүүлэн тэрлэх үзгийг нь өгсөнгүй. “Миний хувьд өнөөдрийн өрсөлдөгч маань дэндүү хүчтэй байлаа” гэж бүрэн ялагдлаа Буассон хүлээн зөвшөөрсөн байна.

Коко Гауффын хувьд Луи Буассоныг хожиход ур чадвар, хүч тамираар илүүрхсэн ч гэлээ нэг асуудал тулгарсан нь үзэгчдийн дэмжлэг байв. Пугела, Андреева нар Буассоны эсрэг тоглохдоо нутгийн үзэгчдийн дэмжлэг, дарамтанд даруулсан  бол харин Гауфф өөрийгөө ирлэх билүү болгон ашиглажээ.

“Сэтгэлзүйн хувьд ч, цохилт, хамгаалалт дээрээ ч бүхнийг бут цохихоор бодож гарсан. Үзэгчид та бүхэн өрсөлдөгчийн маань нэрийг хашхиран дэмжих бүрийд би өөрийнхөө нэрийг өөртөө хэлж байлаа” хэмээн Гауфф өгүүлсэн юм.

Швёнтекийн Ролан Гаррос дахь 26 дараалсан хожилд цэг тавьж, анх удаагаа шороон талбайд финалд гарсан Арина Сабаленка “Финал шиг л тоглолт боллоо. Гэхдээ ажлаа дуусгаагүй гэдгээ мэдэж байна. Бямба гаригт хамгийн сайнаараа тоглох ёстой. Тэгээд ялагч болох ёстой. Ялахын төлөө би бүхнийг хийхэд бэлэн” гэж Сабаленка мэдэгджээ.

Сүүлийн сетэд өрсөлдөгчдөө гэйм алдахгүй хожсондоо өөрөө ч итгээгүй хэлэхдээ “Сүүлийн сет хэрхэн өрнөж дууссаныг бодохоор би өөрөө ч гайхаж байна. Давуулалтынхаа хүчийг зөв тааруулаад ирэхээр тоглоход арай хялбар болсон. Давуулалт маань болоод ирмэгц Швёнтекийн давуулалт дээр ажиллаж, сөрөг дарамт учруулах сөхөөтэйгээ боллоо” гэж беларусь тамирчин бүсгүй өгүүлсэн юм.

Ийнхүү дахин хэлэхэд чансааны эхний хоёр тамирчин Ролан Гарросын финалд ялгаран шалгаран үлдлээ. Ялагчийг бямба гаригийн орой тодрох болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu