Алькарас гурван тамаас амьд гарч, галзуу финалд хожиж чадав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 09

Ролан Гарросын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалыг олон олон жилийн дараа ч үр хүүхэд, ач зээ нартаа ярьж, “Би тэр тоглолтыг энэ муу хоёр цийлэнгээрээ харж суулаа шүү дээ” гэж гайхуулах биз ээ.

Дэлхийн чансааны 1, 2 дээр бичигдэж буй Италийн 23 настай Янник Синнер, Испанийн 22 настай Карлос Алькарас нар Ролан Гарросын Филипп Шатриегийн талбайд  5 цаг 29 минутын турш бүх хүчээ шавхан тэмцэлдлээ. Заримдаа теннисийг хэтэрхий сунжирдаг, үзэгчдийг уйдтал уддаг гэх мэт шүүмжлэл гардаг ч энэ финалыг үзсэн хүн уйдах бус харин ч бүр улам сэргэж, спорт гэж яг юуг хэлдгийг мэдрэхээр байлаа.
 


5 цаг хагасын турш мөчөөгөө өгөлгүй үзэлцэхдээ хоёр залуу теннисчин шүүгчтэй нэг ч удаа маргасангүй. Мөн цохиураа хэн нь ч уурлан газар савсангүй. Хоёулаа зөвхөн өмнөх цохилтоо л бодож, өрсөлдөгчөө ялахын тулд оюун ухаан, хүч тамираа бүрэн зориулсан нь спортын өрсөлдөөний сонгодог жишээ болж түүхэнд үлдлээ.

Мөн түүхэнд энэ тоглолт Ролан Гарросын хамгийн удаан хугацааны турш үргэлжилсэн финал болж үлдэж байна.

Одоо хамгийн үл итгэм хэсэг рүү оръё. Эхний гурван сет 6:4, 7:6, 4:6-гаар дууссан байв. Одоо дөрөв дэх сет. Синнер 5:3-аар тэргүүлж явахдаа 40:0 болголоо. Ердөө нэг л цохилтоо чулуу болгоход хожил түүнийх, Ролан Гаррос түүнийх, Карлос Алькараст 4 дараалж хожигдсон хар цувралыг ч зогсоох байв. Гурвын гурван матч-болл түүнд байв.
 


Алькарас өмнө нь замналдаа 0:2-оос тоглолтыг эргүүлж хожсон удаагүй. Тиймээс бүх юм ойлгомжтой болсон мэт. Гэтэл үгүй ээ, Гурвын гурван боломжоос нэгийг нь авахад аварга болох атал Синнер чадсангүй. Харин эсрэгээрээ Карлос Алькарас гурвын гурван тамаас амьд гарч, гурав дараалан оноо авч, тулааныг цаашид үргэлжлүүлэхээр болов.
 


Үүний дараагаар ч Синнерт боломж байсан ч гэлээ гайхамшигтай, итгэмгүй эргэлт хийсэн Алькарасыг зогсоох маш хэцүү боллоо.3 цаг 43 минут тоглосны дараа Синнер эхний хожлын байж болох давуулалт руу орж байсан бол 5 дахь цагт Алькарас тавдугаар үед 5:4 болгож, давуулалтаа хийсэн юм. Нэг гэйм авчихад л хожихоор болчихсон гэсэн үг. Гэвч үгүй ээ, энэ удаад Синнер эргүүлж, 5:5 болгож чадлаа.
 


Хичнээн бичлээ ч үзсэнээс илүү гэж юу байхав. Хэрвээ та бүхэнд боломж байвал энэ тоглолтыг олж үзэхийг хичээгээрэй.

Хожих сайхан боломжоо алдаж, таван цаг хагасын турш маш өндөр ачаалалтай тоглож, сэтгэлзүйн хувьд хүнд цохилтод орсон ч гэлээ Янник Синнер “Би чиний өмнөөс баяртай байна. Чи хожих хэмжээнд гайхалтай сайн тоглосон учраас л хожлоо. Тиймээс чамд баяр хүргэе” гэж хэлээд цөөнгүй хүнд гарын үсэг зурж өгөөд аль болох тайван царайлан талбайгаас гарсан.

Мэдээж, түүнд маш хэцүү байж таарна. Гэлээ ч түүнийгээ харуулалгүй, өрсөлдөгчдөө баяр хүргээд жинхэнэ тамирчны ёс зүйг чандлан баримталж чаддагаа харуулсан юм.
 


Үзэгчид үнэндээ Карлос Алькарасыг илүү дэмжиж буй нь алга ташилт, дуу чимээнээс илт байлаа. Одоо испани аваргын юу ярьсныг сонирхуулья.

“Үе үехэн галзуу ч юм шиг тоглолт болж буйг мэдэрч байлаа. Янник огт алдахгүй байсан. Тиймээс би бас алдахгүй байхыг их хичээлээ. Ингээд алдаа гаргалгүй тоглоод эхлэхдээ таашаал мэдэрч, заримдаа ч энэ тоглолт юу болоод байгаад гайхсан шүү. Гурван ч удаа тоглолтыг аварсан маань тийм сайн цохилтууд байгаагүй. Гэхдээ тэр хэцүү байдлаас гарч чадсан болохоор сайн гэхээс өөр юу гэхэв. Яаж тэр гэймд хожсоноо одоо ч төсөөлөхгүй нь. Тэр бол энэ тоглолтын хамгийн солиотой үе.
 


Янник бид хоёрын хувьд “Их дуулга”-ын финалд сүүлчийн удаа таарч буй нь энэ биш байх гэж найдъя. Ийм тоглолтод хамгийн сайнаараа л тоглохгүй бол болохгүй. Дэлхийн шилдэгтэй өрсөлдөх үргэлж сайхан шүү дээ.

Энэ тоглолтоос Янник судалгаа дүгнэлт хийгээд илүү хүчтэй болоод буцаж ирнэ.  Би ч гэсэн хичээх болно. Янникийг дандаа хожоод байж чадахгүй гэдгээ ч мэдэж байна. Зүгээр л хожихыг хичээх болно.
 


Санаагаар болдог бол эхний гурван сетэд хожих л гоё /инээв/. Гэвч жинхэнэ аварга ийм л хүнд тулаанаас гарч ирдэг. Би ийм хүнд тулаанд итгэлээ алддаггүй, өөртөө эргэлздэггүй. Гурван матч-болл тулчихаад байхад ч өөртөө 100 хувь итгэсэн. Тийм ээ, нэг л алдвал бүхнийг алдах байлаа.

Гурван матч-боллыг үзэлгүй, ойлгомжтой дуусчихлаа гээд олон хүн гараад явчихдаг. Гэвч би бүхнийг эргүүлж чаддаг тоглогч гэж өөртөө итгэж чадсан” хэмээн Карлос Алькарас өгүүлжээ.

2023 оны Уимблдоноос эхлээд найман “Их дуулга”-ын долоод Синнер, Алькарас хоёр л түрүүллээ. Алькарас 4, Синнер 3 түрүүлсэн. Харин үлдсэн ганцыг нь домогт Новак Жокович 2023 оны US Open-оор хүртсэн.
 


Ролан Гарросын хамгийн урт үргэлжилсэн финал боллоо гэж өмнө өгүүлсэн. Тэгвэл 5 цаг 29 минутаас илүү урт үргэлжилсэн нэг л финал “Их дуулга”-ын түүхэнд байдаг. Энэ нь 2012 оны Австралийн нээлттэй тэмцээний финалын Новак Жокович – Рафаэль Надаль хоёрын нанчилдаан юм. Тэгэхэд тоглолт 5 цаг 53 минут үргэлжилж, эцсийн дүндээ Жокович аварга болж байлаа.
 


Алькарас “Их дуулга”-д тав дахиа түрүүллээ. Ролан Гаррост 2, Уимлбдонд 2, US Open-д 1 түрүүлсэн. Харин одоогоор Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж амжаагүй байна.

Хамгийн сүүлд нь өгүүлэхэд, Карлос Алькарас энэ түрүүнийхээ байнд 2.9 сая ам.доллар хүртлээ. 22 настай испани залуугийн нийт тэмцээний бай шагнал нь 44.74 сая ам.долларт хүрсэн гэж тооцсон байна лээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu