“Оклахома” цахилгаан хөрөөнийх шиг дуу чимээнд хариугаа авав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 09

 

Тайриз Халибертоны шидэлт тоглолт дуусахад 0.3 секунд дутуу байхад цагариганд орж, NBA-гийн финалын цувралын эхний тоглолтын хувь заяаг шийдсэн ч хоёр дахь тоглолтод “Оклахома” сурсан зангаараа хариугаа авлаа.

Хожигдсоныхоо дараа нэхэж хождог нь энэ улирлын “Оклахома”-гийн гэм биш зан, нэг биш нэлээн олон удаа яваад сурчихсан зам юм.

Шэй Гилжес-Александер 34 оноо авсан бол сэлгээнээс боссон Алекс Карүзо 20 оноо түүллээ. Ингээд “Индиана”-г 123:107-оор хожив. Үүн дээр Жалэн Уильямс 19, Аарон Уиггинс 18, Чэт Холмгрэний 15 оноог дурдахгүй байхын аргагүй.

“Өнөөдөр бид сайныг нь хийлээ, мөн мууг ч хийлээ. Өөрөөр хэлбэл, бид илүү дээр тоглох ёстой. Гурав дахь тоглолтод илүү сайн бэлдэх учиртай” гэж Гилжес-Александер өгүүлсэн байна.

Гурав дахь тоглолт гэснээс Индианаполис 25 жилийн дараагаар ирэх лхагва гаригт финалыг нутагтаа хүлээн авах болно. Хөгжөөн дэмжигчдээ ингэж баярлуулах гэж буй багийн дасгалжуулагч Рик Карлайл “Эхний үеийн муу тоглолт их гай тарилаа. Бид бараг тоглосон ч үгүй. Хоёрдугаар үед арай дээрдсэн. Тогтворгүй тоглолттой багаас амжилт хүлээгээд нэмэргүй байдаг юм” хэмээн цухалдуухан өгүүлжээ.

Хоёрдахь тоглолтын үеэр ордон донслох шиг болсныг олон үзэгч мэдэрчээ. Дуу чимээг хэмжигч 100 децибел хүрсэнийг тогтосон гэнэ. Цахилгаан хөрөөний дуу 110 децибел заадгийг бодоод үзвэл ямархуу дуу чимээтэй ордонд тоглолт болсон нь ойлгогдоно.

“Эхний тоглолтод хожигдчихоод дараагийн тоглолтыг 48 цагийн турш хүлээнэ гэдэг маш удаан урт юм шиг санагдлаа. Залуус маань өнөөдөр хожно л гэсэн бодолтой гарч, зөвхөн түүндээ л анхаарч чадсан болохоор ялалт байгууллаа. Бид ингэж л тогловол ялах болно” хэмээн “Оклахома”-гийн дасгалжуулагч Марк Дайно өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu