Теннисний ертөнцийн ханхүү гэгдэж явсан “Их дуулга”-ын 14 удаагийн аварга, АНУ-ын тамирчин Пит Сампрас өдгөө 53 нас хүрч байна.
Энэ жилийн Ролан Гарросын шийдвэрлэх тоглолтоос хэдхэн хоногийн өмнө түүнийг Лос-Анжелесийн хөл ихтэй гудамжнаа кофе барин явж буйг папараццчид олж харан, зураг даржээ.
Теннисний талбайд 15 жилийн турш гялалзсан Пит Сампрасын буржгар хар үс халзарч, бууралтаж, сахал тавьж, танигдахын аргагүй болсон байна. Nike-ийн пүүз углаж, биеийн тамирын саарал футболка, шорт өмсжээ.
Сампрас их гэрсэг хүн. Зөвхөн ойрын найз нөхөд, ах дүү нартайгаа л уулзах дуртай. Түүнтэй хамт нэгэн цаг үе донсолгож явсан Андре Агасси дуулиантай ном гаргаж, Брук Шилдстэй өнгөрүүлсэн өдрүүдээрээ шуугиан тарьж, Барбара Стрейзандтай амрагийн харьцаатай байсан тухай дуулиан дэгдээж явахад Пит Сампрас гэртээ л байхыг хүсдэг.
Ямартаа л 2019 оноос хойш түүнийг олон нийтийн өмнө гарахыг огт хараагүй байхав. 2002 онд US Open-ий дараагаар тамирчны замналаа өндөрлүүлчихээд сэтгүүлчидтэй ярилцахгүйн тулд тэр даруй Лос-Анжелес дахь гэр рүү шууд ниссэн юм.
Жон Макинрой, Жим Курье нар телевизэд экспертээр ажиллаж, өдөр бүр шахам олны өмнө гарч байхад Пит Сампрас өөрийнхөөрөө Беверли-Хиллз дэх гэртээ тухлан суудаг гэдэг.
“Пит алдартны давуу талаа ашиглаж, олны өмнө гарах гэдэггүй юм. Тэр өөрийгөө теннисчин тэгээд жирийн нэг залуу гэж боддог байсан. Түүгээрээ л амьдарч яваа. Гэртээ байх дуртай. Гэрээсээ гарах нь их цөөн. Сайн нөхөр, сайн аав байхыг илүүтэй хүсдэг. Амьдралын жирийн зүйлд дурладаг.
Амжилтад хүрэх замдаа үргэлж өөрийнхөөрөө байх хэрэгтэй гэдгийг ойлгосон хүн. Ойрын хугацаанд лав энэ зангаа тавихгүй. Түүнд нууцлаг, нам гүм амьдрал сайхан санагддаг” гэж ойрын гэх эх сурвалж хэвлэлд ярьжээ.
Гэхдээ Пит Сампрас 2023 онд ATP Tour-ийн үеэр нэгэн мэдэгдэл хийсэн юм. “Дотогшоогоо зантай, дуугүй хүн гэдгийг минь хүмүүс мэднэ. Гэхдээ сүүлийн нэг жил манай гэр бүлийн хувьд маш хэцүү байсан учраас сэтгэлээ нээе гэж бодлоо. Өнгөрсөн 12 дугаар сард эхнэрийг маань хорт хавдартай гэж оношилсон. Түүнээс хойш хүнд хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэлээ.
Одоо ч гэсэн эмчилгээ үргэлжилсээр байгаа. Хайртай хүн минь ийм хүнд сорилттой тулгарч буйг харах хэцүү юм. Гэхдээ бас хүүхдүүд маань энэ үед улам нэгдэн нягтарч, хамтдаа гэр бүлээ дэмжиж буйг харах сайхан байлаа” гэж тэр мэдэгдсэн. Сампрасын 25 жил ханилж буй эхнэр Брижит цагтаа АНУ-ын Өсвөрийн мисс болж явсан эмэгтэй. Мөн Женнифер Лопес, Мэттью Макконахи нарын хамтаар кинонд тоглож байсан жүжигчин юм.
Пит Сампрас Уимлблдонд 7, US open-д 5, Австралийн нээлттэй тэмцээнд 2 түрүүлсэн. Харин Ролан Гаррост түрүүлж үзээгүй. Замналынхаа туршид ганцаарчилсан төрлөөр 64 түрүү хүртэж, 43 сая ам.долларын хөрөнгөтэй болсон гэж тооцсон байдаг.
Сэтгэгдэл ( 0 )