NBA-гийн мэдээнүүдийг багцлан хүргэдэг уламжлалаа өнөөдөр үргэлжлүүлье.
Кевин Дюрантыг ойрын хугацаанд солилцоогоор өөр багт очно гэж Брайан Уиндхорст мэдээллээ. “Ойрын хугацаанд түүнийг солилцох болно. “Санз” шинэ дасгалжуулагчаар Жордан Оттаг танилцуулаад, хэвлэлийн бага хурал хийнэ. Тэгээд л Дюрантыг солих тухай асуудал руу шилжинэ. Хэд хэдэн баг энэ солилцоог сонирхон хүлээж байна” хэмээн Уиндхорст мэдэгдсэн байна.
Финалын хоёрдахь тоглолтод Тайриз Халибертон гэмтсэн. Тэгвэл гэмтлийнхээ талаар “Би зүгээр ээ. Гэмтлийн талаар нэг их дэлгэрүүлж яриад яахав. Бие сайн байгаа болохоор гурав дахь тоглолтод бэлэн” гэжээ.
Тэгвэл “Индиана”-гийн дасгалжуулагч Рик Карлайл “Болоод өнгөрсөн тоглолт одоо ямар ч хамаагүй. Цувралын тоо л хамаатай. Одоо бид өмнөх тоглолтдоо бэлдэж, сайн тоглох ёстой. Их сайн ч багийн эсрэг тоглож байна. Бид зарим нэг өөрчлөлт хийх хэрэгтэй” гэжээ.
Шакил О`Нил хүүхдүүддээ ялгавартай ханддаг тухайгаа ярьсан байх юм. “Охид хүссэнээ аваад, хөвгүүд хоцордог юм. Хөвгүүдийг санаа сэтгэлээр унагах гэж хэлээгүй юм шүү. Тэртэй тэргүй үүнийг тэд мэднэ. “Эгч дүү нарт чинь та нараас илүүг өгнө шүү” гэж би хөвгүүддээ хэлсэн болохоор мэдэж байгаа. Ер нь ийм л байдаг шүү дээ.
Эмэгтэйчүүдийг хамгаалах хэрэгтэй, юмаар дутаахгүй байх ёстой. Тиймээс илүү ихийг хүртдэг. Хөвгүүдийг бол 18 хүрэхээр нь л “Явцгаа, битгий буцаж ирээрэй” гээд гэрээс гаргадаг. Тэгээд гэртээ хааяа эргэж ирэхээс биш буцаад хамт байна гэж үгүй” хэмээн Шак өгүүлжээ.
Тэгвэл Леброн Жэймс цар тахлын үеэр жинхэнэ өрсөлдөөн байсан гэсэн байна.
“Жинхэнэ сагсанбөмбөгийн өрсөлдөөн тэр байсан гэх яриаг би дэмждэг юм. Зөвхөн тоглолт л чухал байсан. Бид яаж ч амдьдарч болно. Их ч мөнгөтэй болцгоолоо. Хүссэн газраа очиж чадна. Гэхдээ цар тахлын үеэр энэ бүх боломж хаагдсан. Гараа даллаад л бүхнийг авчихаж болохгүй байсан.
Ингэхээр зөвхөн сагсанбөмбөгтөө л анхаарахад хүрсэн. Сошиал даяар шударга бус байдал, цагдаа нарын хэрцгийллийн тухай ярьцгаасан л байх. Гэхдээ гол анхаарал бидний хувьд тоглолт дээр туссан. Миний хүртсэн цом, шагнал бүрээс хамгийн их анхаарал шаардсан нь тэр үеийнх. Яагаад гэвэл бид өөр амьдралд дасах ёстой болсон” хэмээн Леброн өгүүлжээ.
“Нью-Йорк Никс” шинэ дасгалжуулагчийн эрэлд гарахдаа Крис Финч, Имэ Удоки хоёртой уулзан ярилцах гэсэн ч бүтэлгүйтжээ. Хоёр дасгалжуулагчийн клуб нь ийм уулзалт хийхийг зөвшөөрөөгүй гэнэ. “Даллас”-ын Жэйсон Киддтэй ярилцахаар төлөвлөж байгаа ч одоогоор албан ёсоор санал тавиагүй. Санал тавилаа ч “Даллас” татгалзах бололтой.
Яннис “Бакс”-таа үлдэж, финалд хүрэх зорилготой гэдгээ хэлжээ. “Энэ жил финалд хоёр гайхамшигтай баг шалгарлаа. Найз Паскаль Сиакамтай “Индиана” үр ашгаа хүртэж байна. “Оклахома”-д бол MVP байна. Би сайхан сагсанбөмбөгт дуртай. Финалын цуврал гэдэг онцгой сайхан. “Бакс”-тай хамт дахин финалд гарна гэж найдъя” хэмээн өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )