“Денвер”-ийг давж гарсан замаа “Оклахома” яг давтаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 12

NBA-гийн финалын цувралд “Индиана Пэйсэрс” 2:1-ээр тэргүүлж эхэллээ. Талбайдаа 116:107-оор хожсоноор хөгжөөн дэмжигчдээ баярлуулаад байна.

Дөрөв дэх тоглолт баасан гаригийн орой буюу Улаанбаатарын цагаар бол бямба гаригийн өглөө болно.

"Нэг л дадаагүй, жирийн бус орой байлаа. Энэ тоглолтоос сургамж авч, дөрөв дэх сорилтод өөрсдийгөө яг өөрийнхөөрөө байлгах хэрэгтэй. Хэрвээ бид өөрийнхөөрөө тоглож чадвал хожих магадлал өндөр" гэж “Оклахома”-гийн дасгалжуулагч Марк Дайно мэдэгдлээ.
 


Дайногийн баг энэ удаад үнэхээр өөрийнхөө дассанаар тоглож чадсангүй. Тэргүүллээ алдаж, эцэстээ хожигдлоо.

Мэргэжилтнүүд “Оклахома”-гийн цувралаас нэг хачирхалтай гэмээр зүйлийг анзаарчээ. Энэ бол бүсийн шөвгийн дөрөвт “Денвер”-тэй тулсан цувралыг яг тэр чигээр нь давтаад байгаа нь юм.
 


Бүсийн шөвгийн дөрвийн цувралын эхний тоглолтод Аарон Гордон тоглолт дуусахаас 3 секундын өмнө “Денвер”-т ялалт авчирсан. Тэгвэл финалд Тайриз Халибертон 0.3 секунд дутуу байхад мөн Оклахома Ситид болсон тоглолтод хожлын бөмбөгийг цагариганд хийсэн.

Бүсийн шөвгийн дөрвийн хоёр дахь тоглолтод “Оклахома” хөнгөхөн гэмээр хожил аваад, цувралыг тэнцүүлж байлаа. Тэгвэл финалын хоёр дахь тоглолтод мөн л хялбархан гэмээр хожоод, цувралыг тэнцүүлсэн.
 


За тэгээд гурав дахь тоглолт. “Денвер” талбайдаа оноо нөхөж гүйцэн тоглосоор эцэстээ нэмэлт үед хожиж, 2:1-ээр тэргүүлсэн. Тэгвэл финалын гурав дахь тоглолтод “Индиана” талбайдаа оноогоор хоцорч явсан ч нөхөөд, эцэстээ хожиж, 2:1 болгоод байна.
 


Хэрвээ яг энэ зураглал тэр чигээрээ давтагдах юм бол “Оклахома” аварга болох магадлалтай юм. Гэхдээ бүх тоглолт таарна гэж бас юу байхав, харж л байя.
 


“Одоо сэтгэл хөдлөлдөө автаад байдаг цаг биш. Өнгөрснийг тэнд нь үлдээгээд юу хийх ёстойгоо л бодох ёстой. Бидэнд сайхан боломж бий. Тэгээд ч дахиад нэг тоглолт, цувралын 4 дэх гайхамшигтай тоглолт угтаж байна шүү дээ” хэмээн Чэт Холмгрен өгүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu