Ян Миллер: Би сайндаа биш ээ, манай багийн гавъяа!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 13

Монголчууд хэзээ ч багийн спортоор амжилт гаргахгүй хэмээх үгийг хэдэн арван жилийн турш сонсож, магадгүй түүнд итгэж өссөн хүмүүс олон бий.

Тэгвэл энэхүү сөрөг утгаар дүүрсэн үгийг сүнсгүй болтол нь зайлуулж чадсан амжилтыг “Хасын Хүлгүүд Бронкос” гаргалаа.

Азийн Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт “Хасын хүлгүүд” шалгарч, өнөө орой хүрэл медалийн төлөө талбайд гарахаар зэхэж байна.

“Хасын хүлгүүд Бронкос” лигийнхээ аварга болчихоод удалгүй Арабын Нэгдсэн Эмират улсыг зорьсон бол одоо “Энэ улирлын гол нээлт болсон баг” хэмээн тодорхойлолтыг хүртжээ. Энэ улирлын гол нээлт гэх хадмал орчуулгын үгээс хальж хэлбэл энэ улиралд эрс цойлсон нь тэд юм.
 


Шөвгийн дөрөвт Филиппинийн аварга “Мералко Болтс”-г 78:83-аар хожсоны дараагаар “Хасын хүлгүүд” Монголын сагсанбөмбөгийн түүхэнд цоо шинэ бахархам амжилтын хуудсыг нээсэн. Үүнээс өмнө Хятадын лигийн аварга “Жөжян Лионс”-ыг хожиж замаа зассан байлаа.

“Хүлгүүдийн” ахлах дасгалжуулагч Э.Ариунболд шөвгийн дөрөвт шалгарсныхаа дараагаар “Энэ багийн нэг хэсэг болж яваадаа үнэхээр жаргалтай байна. Бид өдөр бүр хичээн хөдөлмөрлөсөн. Сүүлийн жилүүдэд их ажиллаж, хөдөлмөрлөсний үр шим нь энэ амжилт юм” хэмээн өгүүлжээ.
 


Азийн Аваргуудын лигийг зорихоос өмнө “Хүлгүүд” Тайванийн "Таоюань Пилотс"-ыг хожсоныхоо дараа “Ноднин бидний хувьд энэ тэмцээн шинэ байлаа. Харин энэ жил клубын удирдлага аварга болох зорилго тавьсан” хэмээн  Э.Ариунболд дасгалжуулагч хэлж байсан юм. Тэгэхэд л гадаадын хэвлэлүүд “Хасын хүлгүүд”-ийг өмнөхөөсөө илүү сайжирсныг онцлон тэмдэглэж эхэлсэн.
 


Харин Азийн лигийн аваргуудын тоглолтуудын үеэр гадаадын хэвлэлүүд “Хүлгүүд”-ээс А.Азбаярыг онцолж, атлетик чанар сайтай энэ залуугийн чадварыг онцгойлон дурдах болсон. Тэгвэл А.Азбаяр багийнхаа амжилтын талаар “Багийнхнаараа би бахархаж байна. Бид Монголын сагсанбөмбөгийн түүхэнд бичигдлээ. Энэ бүхний нэг хэсэг болж буйдаа маш их баяртай байна” хэмээн өгүүлжээ.

Мэргэжлийн сагсанбөмбөгчийн замналаа 11 дэх жилдээ үргэлжлүүлж буй “Хүлгүүд”-ийн легионер 33 настай Ян Миллер ч “Миний замналдаа мэдэрсэн сайхан мөчүүдээс хамгийн гайхамшигтай нь энэ яах аргагүй мөн. Намайг сагсанбөмбөгч болохыг дэмжсэн гэр бүлийнхэндээ баярлалаа.
 


Энд би сайндаа олон оноо аваад байгаа юм биш ээ. Энэ бол манай багийн гавъяа юм. Надад багийнхан минь итгэдэг тулдаа л миний статистик дүн сайн гарч байгаа. Манай баг бол нэг гэр бүл. Бид яг нэг гэр бүл шиг нэгдэж чадсан. Хэн хэнийхээ давуу болон сул талыг сайн мэддэг. Нэгийнхээ давуу талыг ашиглахын төлөө өөрсдийгөө зольж чаддаг.

Монголд ирснээс хойш надад уйтгарлаж гуниглах цаг байсангүй. Энд үнэхээр хөгжилтэй, сайхан байна. Монголын Сагсанбөмбөгийн Холбооны зөв хандлага, манай багийн сайжрах гэсэн тэмүүлэл нь энэ амжилтын эх үндэс юм” хэмээн Флоридагийн их сургуулийн төгсөгч Ян Миллер өгүүлжээ.
 


Энэ улиралд Азийн сагсанбөмбөгийн талбайд цойлон гарч ирсэн “Хасын хүлгүүд”-ийн тамирчдаас Аваргуудын лигийн MVP-д нэр дэвшигчдийн жагсаалтын 7, 8 дугаар байрт А.Азбаяр болон Ян Миллер нар бичигдэж байна. Одоо ч тамирчдадаа санал өгөхөд нээлттэй байгааг сануулъя.

Монголын лигийн аварга “Хасын хүлгүүд” өнөө орой тэмцээнийг зохион явуулагч АНЭУ-ын “Шабаб Аль-Ахли”-тай тоглоно.

Сагсан бөмбөгийн төдийгүй Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн “Хасын хүлгүүд”-дээ амжилт хүсэж, эх орондоо энгэртээ медальтай ирэхийг хүсэн ерөөе!
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээ уншигч(203.91.115.39) 2025 оны 06 сарын 15

ХАСЫН ХҮЛЭГҮҮД гэж бичнэ ээ. Ядаж багийн нэр зөв бич!

0  |  0
Мэдээ уншигч(203.91.115.39) 2025 оны 06 сарын 15

ХАСЫН ХҮЛЭГҮҮД гэж бичнэ ээ. Ядаж багийн нэр зөв бич!

0  |  0
Close menu