Гилжес-Александер: Энэ нохойн зодоон шиг юм аа!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 14

NBA-гийн финалын цувралын дөрөв дэх тоглолтод Шэй Гилжес-Александер 35 онооныхоо 15-ыг нь сүүлчийн үед авснаар багтаа 111:104-өөр ялах замыг зааж өглөө. Ингэснээр цуврал 2:2 болж тэнцэв.

Тоглолтын дийлэнх цагт эцэж цуцахыг мэддэггүй юм шиг ажилласан “Индиана”-гийн хамгаалалтыг хэрхэн аргалах учраа MVP олж чадсан юм.

Хурд хүч, гүйлт шидэлтийн ширүүн тэмцлийн дараагаар Гилжес-Александер “Энэ нохойн зодоон шиг юм аа. Талбайд гарах тоолондоо нэг захаас нөгөө зах хүртэл гүйх ёстой болж байна” хэмээн өгүүлжээ.
 


Жален Уильямс 27 оноо, Чэт Холмгрэн 14 оноо, 15 самбар, Алекс Карүзо сэлгээнээс 20 оноо авч, багтаа их нэмэр болов.

Харин “Индиана”-гаас Паскаль Сиакам 20 оноо дээрээ 8 самбар, 5 дамжуулалт, 5 таслалт хийж толгой цохилоо. Тайриз Халибертон 18 оноо, Оби Топпин сэлгээнээс 17 оноо авсан.

“Оклахома” энэ улирлын турш ердөө хоёр удаа л хоёр дараалж хожигдсон бөгөөд плей-оффт бол дараалж хожигдоогүй дүнгээ хадгалж чадлаа.
 


“Өнөө өглөө сэрээд бид нар 3:1 бол 2:2-оос их хол зөрүүтэй юм байна гэдгийг ойлгосон юм. Тиймээс ч тоглолтын эцэс хүртэл хүчээ дайчлан зүтгэсний хүчинд хожлоо. Дараа дараачийн тоглолтдоо яг энэ чанараа л хадгалах хэрэгтэй” гэж Гилжес-Александер өгүүллээ.

1979 онд “Сиетл Суперсоникс” нэртэй байхдаа түрүү хүртсэн энэ клуб 2008 онд Оклахома Сити болсноос хойш ийм том амжилтад хүрээгүй билээ.
 



“Талбайдаа долоон оноогоор тэргүүлж яваа баг илүү нягт нямбай тоглох ёстой. Гэвч бид тэгж чадсангүй. Өрсөлдөгчийн сайн тоглолтыг үгүйсгэхгүй. Тэд довтолсон хэвээрээ, хожлын төлөө зүтгэсэн чигээрээ байсны зэрэгцээ мөн хамгаалалт нь эцсийн секунд дуустал гайхамшигтай ажиллалаа” гэж “Индиана”-гийн дасгалжуулагч Рик Карлайл ярьжээ.
 


Энэ тоглолтод Гилжес-Александерийн нөлөөг дасгалжуулагч Марк Дайно ч зүй ёсоор нь үнэллээ. “Тэр жирийн хүн биш ээ.  Орой бүр би юу чаддагийг нь хардаг. Талбай дээр сэтгэл хөдлөлөө харуулдаггүй ч гэлээ энэ лигийн хамгийн өрсөлдөх чадвар өндөртэй тоглогчдын нэг нь тэр шүү” хэмээн Дайно бахархсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu