Д.Есүй эзэн орны гол найдлагатай сугалаа таарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 17

 

Унгарт болж буй Жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд өнөөдөр Монголын хоёр тамирчин татамид гарах болно.

Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Батсуурийн Ням-Эрдэнэ, Дарханбаатарын Есүй нар барилдах юм. Харин эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд бөхгүй.

Б.Ням-Эрдэнэ 19 настай бол Д.Есүй 18-тай. Бөхийн замналынхаа эхэнд яваа хоёр залуу тамирчидтай маань ямар өрсөлдөгч таарсныг сонирхоё.

Х.Ням-Эрдэнийн эхний өрсөлдөгч нь Ливаны Шаеб Акүлина. Одоо 21 настай. Ноднин Азийн залуучуудын АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Хэрвээ энэ бөхийг ялбал дараагийн учраа нь Далайн орнуудын дөрвөн удаагийн аварга, Австралийн 29 настай Күглан Аойф юмуу эсвэл Өмнөд Солонгосын 22 настай Ли Иеран, Италийн 29 настай Жоржиа Стангэрлин нарын нэг байх болно.

Өмнөд Солонгосын тамирчин ДАШТ-д хоёр дахиа оролцож буй, олон улсын тэмцээнд одоогоор амжилт үзүүлээгүй байгаа юм байна. Харин Жоржиа Стангэрлин бол саявтархан Казахстан Барысийн “Их дуулга”-д түрүүлсэн бөх.

Д.Есүйгийн өрсөлдөгч нь Унгарын 23 настай Софи Озбаш. Унгарчууд түүнд их итгэл найдвар тавьж байгаа юм билээ. Залуухан хэрнээ Токио, Парисын олимпын наадамд оролцоод үзчихсэн энэ тамирчин 63 кг-ын жинд барилддаг байснаа жин өгсөж 70 кг-д цаашид өрсөлдөхөөр шийдсэн.

“63 кг-д хурдтай, хүчтэй, чадварлаг жүдочид олон байдаг. Харин жин өгсөж өрсөлдөхөд хурдаараа илүүрхэх боломжтой гэж тооцсон” гэж ярьсан байна лээ. Түүнд их найдлага тавьдгийн учир нь 2018 оны Өсвөрийн олимпын аварга, 2019 оны өсвөрийн Дэлхийн аварга буюу мандаж гарч ирсэн од юм. Энэ жил Баку болон Тбилисийн “Их дуулга”-д шинэ жиндээ барилдаад түрүүлчихсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бас Европын аварга болчихсон. Ийм л ид иртэй яваа бөхтэй дэвжээн дээр нь тулах болоод байна.

Манай Д.Ёсүйгийн анхны ДАШТ нь. Хэрвээ Софи Озбашийг ялбал дараагийн өрсөлдөгч нь Польшийн 23 настай Собирайка Катаржина байх болно. 2023 оны Душанбэгийн тэмцээнийг Гран При байхад нь хүрэл медаль хүртсэн тамирчин юм.

Ингээд 18, 19 настай залуухан хоёр жүдочдоо дайчин сайхан барилдаж, хүссэн амжилтдаа хүрэхийг ерөөе!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayar(79.95.86.172) 2025 оны 06 сарын 19

Saihan buhniig husie diilsen

0  |  0
Зочин(202.9.41.34) 2025 оны 06 сарын 20

Хоёр залуу Жү-До чин бөхдөө амжилт хүсье \nТа хоёр чадна.тэвчээр зориг бүгдийг ялнаа

2  |  0
Close menu