NBA-гийн финалын тав дахь тоглолтод “Индиана”-гийн гол тоглогч Тайриз Халибертон дөнгөж дөрөвхөн оноо торгуулиас авч, гэмтлийн улмаас тоглолтыг дуусгаж чадсангүй. Тийм ч учраас түүний баг “Оклахома”-г эхний тоглолт шиг нөхөж гүйцэх гэж хичээсэн ч гэлээ 120:109-өөр хожигдлоо.
Цуврал 3:2 болж, “Оклахома” одоо ганц хожиход л аварга болох тул “Индиана”-гийн лидер гэмтэлтэй ч гэлээ дараагийн тоглолтод гарах ёстой болоод байна.
"Энэ чинь финал. Финалд л тоглох гэж би насан туршдаа хичээсэн. Тиймээс дараагийн тоглолтод гарч, тэмцэлдмээр байна. Өнөөдөр би тун тааруу байлаа. Гэхдээ алхаж чадаж байвал дараагийн тоглолтод заавал гарах болно” хэмээн Халибертон өгүүлжээ.
“Индиана”-гийн дасгалжуулагч Рик Карлайл ч түүнийг тоглоно гэдгийг баталжээ.
“100 хувь бол бэлэн биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ дараагийн тоглолтыг өнжихгүй. Завсарлагаар бид гэмтлийнх нь талаар ярилцсан. Өөрөө заавал үргэлжлүүлж тоглоно гээд болоогүй юм. Хоёрдугаар хэсэгт форм тааруу байсан ч гэлээ багтаа ашигтай тоглолт олныг хийсэн. Ер нь энэ цувралд манай олон залуус эрүүл мэндийн улмаас бүрэн хүчээрээ тоглож чадахгүй байна” хэмээн ярьжээ.
Шэмс Чараниагийн мэдээлснээр бол Халибертоны баруун хөлийн эрээн булчин хэт ачаалал авсны улмаас ажиллах чадвараа алдсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )