Их Британийн тэргүүн теннисчин бүсгүй Эмма Радукану “Их дуулга”-ын дөрвөн цуврал тэмцээний нэг Уимблдонд оролцохоор нэрээ өгөөд байна.
1877 оноос эхтэй тус тэмцээнийг үзэхээр тасалбар захиалсан хүмүүсийн нэрсийг зохион байгуулагчид нягталж үзэхэд, сүүлийн хэдэн сарын турш Радуканүг байнга даган мөшгөж, захидал, зурвас илгээсэн этгээдийн нэр байжээ. Тиймээс нэрийг нь зарлахаас татгалзсан тэрхүү эрэгтэйг Уимлбдоны ч тоглолтыг үзэхийг хориглосон шийдвэр гаргалаа.
Энэ эрэгтэй өнгөрсөн хоёрдугаар сард Дубайд болсон тэмцээний үеэр Эмма Радуканугийн тоглолтыг дэргэдээс нь үзсэн юм. Түүнийг хараад таньсан 22 настай тамирчин бүсгүй тоглож чадахаа больж, шүүгчийн суудлын араар орж уйлсан. Удалгүй тэр этгээдийг цагдаа нар баривчлан авч гарсан бөгөөд дахиж Радуканутай холбоо тогтоох, ойрхон очихыг шүүх хориглосон юм.
Гэлээ ч даган мөшгөгч үйлдлээ зогсоолгүй кафед хамт зураг даруулах санал зурвасаар илгээж, Сингапур, Абу Даби, Доха дахь тэмцээнийг мөн очиж үзсэн.
“Тэр хүнийг хармагцаа л бие минь салганаад эхэлсэн. Нүдэнд нулимс цийлэгнээд бөмбөгөө ч харж чадахаа больсон. Амьсгалахад ч төвөгтэй болсон. Тэгэхэд бага ч гэсэн амьсгаа авах нь зөв гэж бодсон. Тэр хүн намайг үргэлж даган мөшгөж, ажиглаж байдаг болчихлоо” хэмээн сэтгүүлчдэд хэлж байсан юм.
Радукану 18 настайдаа US Open-д түрүүлж, Дэлхийн хэмжээний од болж, олны танил болсон тамирчин. Үүнээс өмнө өөр нэгэн эр хэдэн мянган километр зам туулж гэрийнх нь гадаа ирчихээд буй талаараа холбоо барин хэлж, мөн айдаст автуулж байсан удаатай.
“Би гудамжинд гарахдаа ч болгоомжтой байх ёстойгоо ойлгосон. Үл ойшоож, хөнгөн хандаж болохгүй. Хэрвээ гэнэ алдвал муу зүйл тохиолдож мэднэ. Хүн өөрөө ийм байдалд ороод ирэхээр үнэхээр ойлгодог юм байна” хэмээн өгүүлж байсан юм.
Радуканутай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад US Open-д Карлос Алькарастай хамт холимог хосын төрөлд тоглохоор болсон байна.
Карлос Алькарасаас “Танай багийн ахлагч нь хэн байх юм бэ?” гэж сэтгүүлч асуухад “Босс маань Эмма. Хамт тоглох болсондоо их баяртай байна. Эммаг би эртнээс мэднэ. Бид хоёр сайн харилцаатай. Тиймээс хамтдаа тоглох хэн хэнд маань сайхан байх болно. Бид хоёр түрүүлэхийн төлөө тоглох нь мэдээж. Их хөгжилтэй, сайхан байх нь ойлгомжтой” гэжээ.
Алькарасаас “Та Эммагаас хамт тоглоё гэж гуйсан уу?” гэхэд “Тийм ээ, Эмматай хамт сайн тоглоно гэж бодсон юм. Тэгээд л гуйсан. Эмма жаахан бодсон л доо. Бүр нэг их удаан биш шүү. Хэн нэгнээс бодлыг нь сонсох, бодох шаардлага гарсан байх. Гэхдээ минутаас хэтрээгүй дээ” гэж хэлээд инээмсэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )