WNBA-гийн “Индиана Фивэр”-“Коннектикут Сан”-ы тоглолтын үеэр хоёр багийн тамирчид хоорондоо шөргөөцөлдөж, түрэмгий бүдүүлэг тоглолт гаргаж, хоёр ч тоглогч техникийн алдаа авсан.
Кейтлин Кларкийн нүд рүү эхэлж өрсөлдөгч нь хуруугаа хийсэн бол дараа “Сан”-ы Марина Мабри хүчтэй түлхэж унагасан юм. “Фивэр”-ийн Софи Каннинхэм багийнхаа лидерийн хариуг авч, тоглолтын өндөрлөхийн өмнөхөн өрсөлдөгчөө гудчин татаж олныг хамарсан зодоон болгох шахсан.
Энэ тоглолтын дараагаар хоёр багийн дасгалжуулагч болон тоглогчид шүүгчийг буруутгасан юм.
“Энэ лигт шүүгчдээс бусад бүх юм сайжраад л байх юм. Би тоглолтын эхнээс л шүүгчийг муу ажиллаж буйг хэлмээр санагдсан. Хэрвээ энэ чигээрээ үргэлжлүүлбэл муу юм болохыг мэдэрсэн юм. Ер нь ойлгомжтой байсан шүү дээ. Шүүгч тоглолтыг ийм байдалд хүргэхгүйн тулд бүхнийг хяналтандаа байлгах ёстой. Шүүгч илүү сайн ажиллах ёстой” гэж “Фивэр”-ийн дасгалжулагч Стефани Уайт мэдэгджээ.
Тэгвэл 17 онооны зөрүүтэй хожигдсон “Сан”-ы дасгалжуулагч Рашид Мезиан энэ тоглолтыг “Тэнэг алдаануудын цуглуулга” гэж товчхон тодорхойлжээ.
Тамирчдаас “Сан”-ы төвийн тоглогч Оливиа Нельсон-Одода “Өнөөдөр зөвхөн биеийн хүчний тулаан боллоо. Шүүгч эхнээсээ л хяналтыг алдчихсан. Шүүгчийн буруу шийдвэрүүд улам бүр байдлыг хурцатгасан. Хэрвээ зөв шийдвэр гаргаж чадахгүй бол битгий шүү л дээ” хэмээн өгүүлжээ.
Харин Кэйтлин Кларк шүүгчийн талаар ярихыг хүссэнгүй. “Залуус аа, бид сагсанбөмбөгийн төлөө ирсэн биз дээ? Тийм болохоор сагсанбөмбөгөө л яръя” гэжээ.
Энэ улиралд WNBA-гийн тоглолтууд онцгой ширүүн, бүдүүлэг алдаа, түрэмгий үйлдлүүд ихтэй болж буйг хүмүүс онцолж байгаа. Тэгвэл зарим нь “WNBA-гийн тоглолтууд угаасаа л ийм байсан. Кларк ирснээр лигийн тоглолтуудыг анзааран үздэг болсон тул олны өмнө ил болж байна” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )