Японы теннисчин Нишикори эхнэрээ хуурсандаа олон нийтээс уучлалт хүслээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 20

 

Дэлхийн чансааны 4-т бичигдэж байсан Японы теннисчин, 35 настай Кэй Нишикори эхнэрээ хуурч байсандаа олон нийтээс уучлалт хүслээ.

2020 онд загвар өмсөгч Май Ямагүчитай гэрлэсэн тэрбээр 21 настай загвар өмсөгч Азүки Огүчитой сүүлийн хэдэн жилийн турш нууц амрагийн харьцаатай байснаа хүлээн зөвшөөрчээ.

Нишикори сүүлийн жилүүдэд амжилт нь буурч, бэртэл гэмтэл салахаа больсон тул энэ жил л гэхэд Ролан Гаррос болон Уимблдонд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Уимблдонд гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсноо мэдэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа загвар өмсөгч Азүки Огүчитой нэг байрнаас хамтдаа гарч яваа гэрэл зургууд сошиал орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан тул уучлалт гуйхаар шийджээ.

“Үнэнч биш явдлаасаа болж теннис сонирхогчид болон ивээн тэтгэгчид мөн бусад хүмүүсийн сэтгэлийг тавгүйтүүлсэндээ уучлалт хүсье. Мөн эхнэр хүүхдийнхээ зүрхийг шархлуулсандаа маш их харамсаж байна. Цаашид хариуцлагатай иргэн байж, зөвхөн мэргэжлийн теннисчний амжилтдаа бүх анхаарлаа хандуулна. Олон хүний итгэлийг эргүүлэн олж авахын тулд чадах бүхнээ хийнэ” хэмээн Кэй Нишикоригийн мэдэгдэлд дурджээ.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Нишикоритой амрагийн харьцаатай болсныхоо дараагаар Азүки Огүчи ч найз залуугаасаа салахад хүрсэн гэнэ. Найз залуу нь тэдний харьцааг олж мэдчихээд Нишикоритой уулзаж, баримтуудыг харуулжээ. Үүний дараагаар Нишикори өмгөөлөгчид хандаж, хэрэг шүүхэд шилжээд байжээ. Энэ үеэр Огүчи, Нишикори нарын харилцаа түр тасарсан ч эргээд дахин уулзаж эхэлсэн байна.

Нишикори 4 настай болон хэдхэн сартай хоёр хүүхэдтэй бөгөөд Огүчид “Би эхнэртээ хайргүй болсон. Зөвхөн үр хүүхдүүдийнхээ төлөө л салахгүй байгаа юм” гэж хэлсэн нь шүүх дээр ил болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu