“Индиана” дошин дээрээ “томорч”, 7 дахь тоглолт гаргалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 20

 

NBA-гийн финалын цуврал 7 дахь тоглолтоор шийдэгдэхээр болж, аварга баг ням гаригийн орой тодорно.

“Индиана” энэ улиралд ээлж дараалан хийсээр ирсэн зүйлээ хийснээр дошин дээрээ өрсөлдөгчдөө аваргын баяр тэмдэглэх боломжийг өгөөгүйн зэрэгцээ мөн өөрсдөдөө аварга болох боломжийг үлдээлээ.

Оби Топпин 20 оноо, Эндрю Нэмбхард 17 оноо авснаар 108:91-ээр талбайдаа хожиход гол оноог түүж өгөв.

2016 оноос хойш финалд 7 дахь тоглолт гараагүй. Тэгвэл энэ удаад Оклахома Сити-д эцсийн галзуу ганц тоглолтоор аварга багийг тодруулна.

Рик Карлайл “Шийдвэрлэх тоглолт” гэж маш товч тодорхойлсон бөгөөд түүний багаас Паскаль Сиакам 16 оноо дээр 13 самбар авсан бол багийн лидер Тайриз Халибертон шилбэний шөрмөсний бэртэлтэй ч 14 оноо авлаа.

“Бид зүгээр л дошин дээрээ хожигдохгүйг хүссэн юм. Энэ хэдийг энд, бидний гэрт аваргын баяраа тэмдэглэхийг харахыг хүсээгүй юм. Тиймээс хана хэрэм болон зогсож, хариуг нь барилаа. Манай багийнхан бүгдээрээ хичээж тоглолоо” хэмээн Халибертон өгүүлжээ.

Сэлгээний сандлаас ээлжит удаагаа боссон Ти Жэй Макконнелл 12 оноо бас 9 самбар, 6 дамжуулалт өгөв.

“Тандер”-аас Шэй Гилжес- Александер 21 оноо, Жален Уильямс 16 оноотой дуусгалаа. “Энэ бол гарцаагүй “Индиана”-гийнхны хөлс хүчний гавъяа. Тэд хожихоор тоглож, хожиж чадлаа. 48 минутын дийлэнхэд нь давамгайллаа. Талбайд гараад,  тоглолтын турш довтоллоо” хэмээн “Оклахома”-гийн дасгалжуулагч Марк Дайно ярьжээ.

Финалын 7 дахь тоглолтуудын түүхийг сөхвөл талбайн эзэн баг 15 удаа хожиж, аварга болсон байдаг бол 4 удаад хожигджээ. Өөрөөр хэлбэл, “Оклахома”-гийн талд түүхэн статистик дурайна.

“Индиана” 6 дахь тоглолтын эхэнд 8 шидэлтээ алдаж, 2:10-аар хожигдож эхлүүлсэн. Энэ үед клубын домог Режи Миллер сууж байх газраа олж ядан нэг сөхөрч, нэг босон үйлээ үзэж, үсгүй толгойгоо “зуурах” шахав. Тоглож байхдаа ингэж үзээгүй шахам түүнд үнэндээ тэгтлээ шаналах юу ч байгаагүйг удаах үеүд харуулсан.

“Пэйсэрс” удаахь 24 минутад 68:32-оор өрсөлдөгчөө давамгайлж, гүйцэгдэх аргагүй зөрүүг бий болгосон юм. Уг нь цувралын эхний таван тоглолтод 10 оноогоос илүү гараагүй баг шүү дээ. Хоёр багийн онооны зөрүү дээд тал нь 31-д хүрсэн.

“Мэдээж, бид маш муу тоглолоо” гэж Марк Дайно хэлэхээс ч биш яахав.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu