Теннисний ертөнцийн оргил дөрвөн тэмцээн болох “Их дуулга”-ын нэг Уимблдон энэ сарын 30-нд үүдээ нээж, өрсөлдөөн эхэлнэ.
Гэвч Уимблдоныг зорин очигчдын таашаан иддэг алдартай гүзээлгэнийн үнийг 20 пенсээр нэмсэн тухайгаа тэмцээнийг зохион байгуулагчид эртхэн анхаарууллаа. Сүүлийн 15 жилийн турш Дэлхий дахинд юмны үнэ ихэд өссөн ч гэлээ Уимблдон цөцгийтэй гүзээлгэнийхээ үнийг нэмэлгүй “барьж”, түүгээр бахархсаар ирсэн юм.
Тэгвэл энэ жил 20 пенсээр үнийг нь нэмэхээр төлөвлөжээ. “Бид гүзээлгэнийн үнийг 2.50 паунд байсныг энэ жилээс 2.70 болгож нэмэх шийдвэр гаргасан. Ингэж бага зэрэг нэмсэн нь алдартай гүзээлгэнийн хувьд ухаалаг үнэ гэж бодож байна” хэмээн All England Club мэдэгджээ.
Ийнхүү амьдралын өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж буй нь Уимблдоныг ч тойролгүй, дайраад гарч буйг бэлхнээ мэдэрч болохоор боллоо.
All England Club тэмцээний үеэр 140 мянган савласан гүзээлгэнэ зардаг гэсэн дундаж тоог үржүүлээд тооцвол 28 мянган паундын нэмэлт орлого олох нь. Хэдийгээр үнийг нь нэмсэн ч гэлээ гүзээлгэнэ бол Уимблдоны үзэгчдийн хамгийн дуртай, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн хэвээр байна гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.
Уимблдон бол үзэгчид өөрсдөө хоол, хүнсний зүйлсээ авчирч болдог цөөн тэмцээний нэг. Бүр согтууруулах ундааны төрлийн зүйл ч оруулдаг. Гэхдээ Кент дэх Хью Лоугийн гэр бүлийн эдлэнгээс дөнгөж өглөө нь хураасан гүзээлгэнийг авчирч зардаг тул Уимлбдоны үзэгчдэд үүнээс илүү шинэ, амтлаг аммтан үгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )