Ронда Роузи гэмтэл бэртлүүдийн үр дагаврын тухай ярьжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 21

 

UFC-гийн домог Ронда Роузи одоо 38 нас хүрчээ. 2016 онд Аманда Нуньес, Холли Холм нарт дараалан ялагдаж, октагоноо орхисныхоо дараагаар WWE-д мөн таван жил амжилттай замналаа үргэлжүүлээд 2023 онд рингнээс буусан юм.

Найман жилийн өмнө 12 тулаандаа өрсөлдөгчөө бүгдийг нь ялж, гайхуулж явсан Ронда одоо хоёр хүүхэдтэй. Нөхөр Трэвис Браун ч тулаанчийн замналаа үджээ.

Ронда жүдоч байхдаа ч, дараа нь тулаанч болохдоо ч тархи нь хүчтэй доргиж, улмаар хараа нь муудаж, аливаа зүйлийг нарийвчилж харах чадваргүй болсны зэрэгцээ бүр сохрох шахсан тухайгаа ярьсан байна.

“Миний хараа их муудсан. Хараа муудчихаар сайн ажиглаж харж чадахаа больж, түргэн хөдөлгөөн дээр барьц алдаад эхэлдэг юм билээ. Үүнийг дагаад хурдан шийдвэр гаргах чадвар ч буурдаг. Тархи минь хөдөлчихөж дээ л гэж эхэндээ боддог байлаа.

Бүдрээд уначихгүй ч гэлээ аажим аажмаар хараа маань муудаж, бараг сохорсон. Тамирчны замнал өрнөж байхад ямар уршигтай тулгарсан, яагаад хараа муудснаа ч сайн мэдэхгүй л явлаа.

Тэгээд ч тухайн үед хараа муудсан гэх мэт зүйл хэлбэл ялагдлаа зөвтгөх арга олж ядаж байна л гэх байсан. Би тэгж хэлүүлэхийг хүсээгүй юм.

Гэхдээ надад харамсах юм байхгүй. Азаар би тамирчны замналынхаа дараагаар сайн эмчид хандаж, эрүүл мэнддээ анхаарсан. Орчин үеийн эрүүл мэндийн шинжлэх ухааны шинэ ололттой талуудыг ч өөр дээрээ туршиж үзсэн. Тэгж л би энэ амьдралдаа эрүүл мэнддээ нэг анхаарсан даа” хэмээн Роузи өгүүлжээ.

Ронда Роузи 2008 оны Бээжингийн олимпын наадамд жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн тамирчин гэдгийг хүмүүс мэднэ. Үүнийхээ дараагаар мэргэжлийн тулаанч болж, эдүгээ домгуудын тоонд нэрлэгдэх болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu