Эдүгээ 40 настай Санти Касорла өчигдөр унаган клуб “Овьедо”-гоо 24 жилийн дараагаар Ла лигт дахин дэвшихэд маш чухал үнэ цэнтэй гоолыг орууллаа.
Эхний тоглолтод “Мирандес” 0:1-ээр хожсон бол хариу тоглолтод “Овьедо” үндсэн цагт 2:1-ээр хожиж, хоёр багийн нийлбэр дүн тэнцсэнээр нэмэлт үе рүү орсон. Нэмэлт үеийн 103 дахь минутад Франциско Портильо хожлын гоолыг оруулснаар “Овьедо” Ла лигт ирэх улиралд өрсөлдөхөөр болсон юм.
“Овьедо”-гийн 24 жилийн дараах энэхүү амжилт нь найман настайдаа академид нь элсэж, улмаар 17-тойдоо клуб нь санхүүгийн хүндрэлд орохдоо зарсан Санти Касорлатай шууд холбоотой.
“Малага”, “Арсенал” зэрэг клубүүдэд тоглож байснаараа хөлбөмбөгийн хорхойтнуудын танил болсон шавилхан биетэй ч шаггүй сайн хөлбөмбөгч Санти Касорла замналынхаа төгсгөлд унаган клубтээ очсон юм.
Хүмүүс яахав дээ, “ясаа тавих гэж ирлээ” хэмээн муулж л байв. Гэвч Санти арай өөрийг боджээ. Тэр тоглож чадахаа больчихоод хэдэн “цаас” халааслах гэж ирсэнгүй. Харин ч бүр үнэгүй тоглож, тус болохоор очсон юм.
“Уг нь би үнэгүй тоглоё гэсэн юм. Гэвч болдоггүй гэнэ ээ. Огт цалингүй тоглох хориотой учраас надад клубын зүгээс гэрээ санал болгосон. Энэ тухай эхнэртээ хэлтэл “Хөөе, тийшээ мөнгө олох гэж биш харин тусалж дэмжих гэж очно шүү. Гэртээ, унаган нутагтаа очих хүн нэмэр болох хэрэгтэй” гэсэн.
Үүн дээр эхнэр бид хоёрын бодол яг нийлсэн. Тэгээд агент руугаа ярилаа. “Надад мөнгө хэрэггүй ээ” гэж хэллээ. Дараа нь клубын ерөнхийлөгчид “Хамгийн бага цалингаар тоглоё. Миний өмсгөлийн борлуулалтын 10 хувийг академид авч байгаарай” гэж хэлсэн. Тэгээд л тэр орой бид маш түргэн шийдчихсэн” хэмээн ярьсан байна.
Ингэж л багадаа “Овьедо”-гийн Карлос Муньос, Славиша Йоканович, Роберт Просинечки, Петр Дубовски нарын зэрэг хөлбөмбөгчдийг харж, биширч өссөн хүү одоо өөрөө жинхэнэ клубынхээ домог болохоор харьсан юм.
“Намайг тоглосон газар бүр минь хайрладаг. “Арсенал”-д ч, “Вильярреал”-д ч, “Малага”-д ч тэр, би хайранд умбаж тоглосон. Гэхдээ “Овьедо”-гийн академийн өмнө өртэй, хариуцлага үүрэх ёстой хүн. Хариуцлага үүрэх ёстой гэж бодохоор дарамт ч орж ирэх шиг санагдсан. Тиймээс эхэндээ жаахан айсан. Яг сайн тоглож чадах юм уу? гэж өөрөөсөө асууж үзсэн. 38 настайдаа доод лигийн багт тоглож байгаад эргээд унаган клубтээ ирэхдээ хүн танагтай, чөмөгтэй байх хэрэгтэй шүү дээ. Тиймээс би улирлын өмнөх бэлтгэлд гараагүй. Тусалж чадахгүй юм шиг санагдаад, бага зэрэг хулчийсан. Бас өнөөх хариуцлагаа бодсон” гэж Санти ярьжээ.
Шинэ улирал эхэлснээс хойш бараг хоёр сар өнгөрсний дараа Санти “Овьдео”-гийн төлөө сэлгээгээр гарч, ердөө ганцхан минут талбайг мэдэрчээ. Түүнээс хойш аажим аажмаар минутаа нэмсээр, плей-оффын шийдвэрлэх тоглолтуудад маш чухал гоолыг оруулж, багийнхаа эрдэнэ гэдгээ нотолсон юм.
“Хүүхдүүд намайг дороос дээш анхааралтай харахдаа догдолж буйг мэдрэх аятайхан ч юм шиг. Гэхдээ дахиад л хариуцлагын тухай бодож, сайн тоглохын тулд улам хичээсэн” хэмээн ярих Санти Касорлагийн эргэж очсон гол шалтгаан нь эргээд Ла лигт гаргах байв.
“Эхлээд би клубт яаж тусалж чадахаа харъя гэж бодсон. Дараа нь Ла лигт гаргая гэж бодсон. Гэхдээ миний хувьд аль ч дивизионд байсан тоглохоор шийдсэн юм. Хэрвээ намайг явахаар “Овьедо” дээд лиг рүү дэвшихээр байвал эргэлзэлгүй л явчихна.
Унаган клубтээ ирж, маш удаан хүлээсэн зорилгодоо хүрнэ гэдэг онцгой сайхан. Цаг хугацаа нисэх мэт өнгөрчээ. Өчигдөрхөн л энд өсвөрийн багт байсан шиг санагдах юм. Гэтэл одоо 40 хүрчихэж. Тэгээд өнөөх газраа, хайртай хүмүүс, хайртай клубынхныхээ хамт, өссөн газраа, үргэлж байхыг хүсдэг тэр л газраа би байна даа” хэмээн Санти Касорлагийн хэлсэн үгээр бахархам түүхийн тухай энэхүү бичээсийг өндөрлүүлье.
Сэтгэгдэл ( 0 )