“Оклахома Сити” Сиэтлээс нүүж, түүхээ шинээр эхлүүлснээс хойш NBA-гийн аваргаар анх удаагаа тодорлоо.
Шийдвэрлэх 7 дахь тоглолтод “Индиана”-г 103:91-ээр хожсоноор гайхамшигтай ялалт байгуулж, түүхэнд бичигдлээ.
Энэ баг том оддын араас гүйлгүй, өөрт байгаа залуусаа хөгжүүлж, багийн тоглолтоо сайжруулсаар аварга болж чадлаа. Клубын удирдлагын бодлого зөв байсныг энэ ялалт нотлон харууллаа.
Мөн багийн дасгалжуулагч Марк Дэйгнолт сүүлийн жилүүдэд үзэгдээгүй сайн хамгаалалтыг цогцлоож чадсан.
Дэйгнолт одоо дөнгөж 40 настай. Зөвхөн “Оклахома”-г л бие даан удирдаж байгаа залуу дасгалжуулагч. Эхний улиралдаа түүний баг ердөө 22 тоглолтод хожиж байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. Харин тав дахь улиралдаа 68 хожил авч, бүр аварга болж чадлаа.
Цагтаа Пол Жоржийн солилцооны нэг хэсэг болж ирсэн Шэй Гилжес-Александер Улирлын MVP-ээр нэрлэгдсэн бол мөн финалын MVP боллоо. 2015 оноос хойш Улирлын MVP болсон тоглогч аварга болж, мөн финалын MVP болсон тохиолдол үгүй юм.
Шэй бол зөвхөн багийнхаа лидер төдийгүй мөн элдэв хар бараан дуулианы шуугианы баатар болдоггүй үлгэр жишээ залуу.
Түүнээс гадна Жэйлэн Уильямс, Чэт Холмгрэн, Лүгэнц Дорт, Айзей Хартенштайн, Алекс Карүзо, Кэйсон Уоллес, Айзея Жо, Кэнрич Уильямс, Аарон Уиггинс, Усман Жэнг, Ажай Митчелл нарын зэрэг тоглогчид түүхэн амжилтад оролцлоо.
Клубын ерөнхий менежер Сэм Прэсти “Юун түрүүнд “Оклахома” бол жинхэнэ баг гэдгийг хэлмээр байна. Энэ залуус ийм сайхан залуу насандаа бүх сайн сайхны бэлгэдэл болж чадаж байгаа. Тэд ялалтын төлөө өөрсдийгөө зольж, зүтгэж чаддаг” гэж хэлсэн бол ахлах дасгалжуулагч Дэйгнолт “Энд цугласан олны бүгдийнх нь мөрөөдөл биеллээ. Манай залуус аваргууд шиг биеэ авч явж, аваргууд шиг тэмцэж чадлаа. Энэ бол жирийн бус баг. Одоо бид аваргууд” хэмээн мэдэгдсэн юм.
Багийн лидер мөн улирлын болон финалын MVP Шэй Гилжес-Александер “Энэ бол зөвхөн миний ялалт биш багийнхны маань, бидний гэр бүлийн мөн хөгжөөн дэмжигчдийн ялалт. Энэ спортоор хичээллэж буйн гол утга учрыг илэрхийлсэн ялалт. Бид аварга болохоор хэмжээнд тоглож чадсан болохоор аварга болж чадлаа” хэмээн өгүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )