Домогт Усэйн Болтын дээд амжилтыг ирээдүйд эвдэж магадгүй гэх найдлага тээж буй судан гаралтай Австралийн 17 настай Гаут Гаут Европ тивд ирж, анхны том тэмцээндээ оролцох гэж байна.
17 нас хүрээгүй байхдаа нэг өдөрт хоёр дараалан 100 метрт 10 секундээс бага хугацаанд хурдалсан энэ хөвгүүнийг улам хурдан болно гэж үзэж байгаа юм.
Ирэх есдүгээр сард Токиод ДАШТ-тэй. Энэхүү тэмцээний бэлтгэл болгож Чех улсад хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнийг энэ долоо хоногийн дундуур зохионо. Тус тэмцээнд Гаут Гаутын чадварыг хөнгөн атлетик сонирхогчид болон мэргэжилтнүүд үнэлж дүгнэх, ойроос харах боломж олдоно.
“Мэдээж, ДАШТ бол миний гол зорилго. Энэ тэмцээний хувьд бол мэргэжлийн тамирчдын дунд юу хийж чадахаа харах боломж юм. Хурдан гүйж, сайн оролцоно гэж найдаж байна” хэмээн Гаут Гаут өгүүлжээ.
Усэйн Болттой өөрийг нь харьцуулдаг талаар ямар бодолтой байдгийг нь асуухад “Болттой харьцуулагдахыг хүсдэггүй гүйгч гэж байхгүй байх. Гэхдээ би өөрийнхөө түүхийг л бүтээхийг хүсдэг. Энэ зам дээр Болт 9 удаа гүйсэн гэсэн. Энэ нь надад улам их хүсэл эрмэлзлэл төрүүлж байгаа” хэмээн Гаут Гаут ярьжээ.
Гаут Гаут 2024 оны 12 дугаар сард Австралид 56 жилийн турш эвдэгдээгүй Норманы дээд амжилтыг давсан юм. Харин саяхан 100 метрт нэг өдөрт хоёр дараалан 10 секундээс бага хугацаанд /9:99 секунд/ хурдалж, үнэхээр ирээдүйд их юм дуулгах тамирчин гэдгээ нотолсон. Үүнийхээ дараагаар 200 метрт уралдахаар гараад дахиад л алмайруулсан.
Автралийн АШТ-ий замд 200 метрт түрүүлэхдээ 19.84 секундын амжилт үзүүлжээ. Уг нь яг энэ үзүүлэлт бол Геннисийн номд орохоор дүн. Гэвч 2.4 метр/секундын салхитай байсан гэсэн үндэслэлээр дээд амжилтад тооцолгүй өнгөрчээ. Салхины хурд 2.0 метр/секунд л байсан бол болох байлаа.
Сэтгэгдэл ( 0 )