Халибертоны ахиллын шөрмөс тасарсныг батлав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

 

NBA-гийн финалын 7 дахь тоглолтод “Индиан Пэйсэрс”-ийн лидер Тайриз Халибертон эхний үед ямар ч контактгүй нөхцөлд унаж гэмтэн, талбайгаас түшүүлэн гарсан.

Тухайн агшны гэмтлийн байдал, тамирчны зовиурыг харсан мэргэжилтнүүд ахиллын шөрмөс тасарсан байж болзошгүйг тэр даруй мэдэгдсэн юм. Тэгвэл энэ онош батлагдаж, баруун хөлийн ахиллын шөрмөс тасарсныг мэргэжлийн эмч нар мэдэгджээ.

Ингэснээр яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон байна. Ахиллын шөрмөс тасрах нь маш хүнд бэртэлд тооцогддог. Хагалгаа амжилттай болсны дараагаар хэдэн сарын турш эмчилгээ хийлгэх, гам барих гарцаагүй шаардлага тавьдаг.

Халибертоныг хэзээ талбайд эргэн гарах боломжтойг одоогоор тодорхой мэдээлээгүй байна. Түүний аав Жон Халибертон “Хүү минь талбай дээр байсан бол тоглолт тэс өөрөөр өрнөх байлаа. Үүнийг бүгд л мэдэж байгаа. Гэхдээ “Хэрвээ...”, “Тэгсэн бол...” гэх зүйля ярих нь утгагүй.  Миний хүү Дэлхий дахинд юу чаддагаа нэгэнтээ харуулчихсан” хэмээн өгүүлсэн байна.

Халибертоны энэхүү гэмтлийн дараагаар NBA-гийн улирлын хугацааг богиносгож, тоглолтуудыг цөөлөх тухай санааг дахин дэвшүүлж эхэллээ. Энэ улиралд л гэхэд “Бостон”-ы лидер Жэйсон Тэйтүм мөн ахиллын гэмтлийн улмаас плей-оффоос гарч, олон сарын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu