Европ тивд анх удаагаа албан ёсны томоохон тэмцээнд оролцохоор өнгөрсөн пүрэв гаригт Чехэд ирсэн Австралийн 17 настай гүйгч Гаут Гаут өчигдөр 200 метрийн зайн гүйлтэд уралдлаа.
200 метрийн зайд 20.02 секундын амжилт үзүүлж, өөрийн тогтоосон Австрали улсын дээд амжилтыг дахин шинэчиллээ. Чехийн Остравад олон улсын хөнгөн атлетикийн Golden Spike тэмцээн болж буй юм.
Усэйн Болттой харьцуулагдах болсон Гаут Гаут 200 метрт уралдахдаа сүүлийн 20 метрт уландаа пүрштэй юм шиг өвөрмөц үсрэлттэй гүйдэг техникээрээ Рейнье Менаг гүйцэж түрүүлжээ.
“Сүүлийн хэдэн сар би бэлтгэл дээр улам л хурдан болоод байгаа. Тиймээс энэ уралдааны замд гарахдаа ч өөртөө итгэлтэй байлаа. Менаг эхний 100 метрт маш хурдан гүйнэ гэдгийг тооцсон. Гэхдээ ойрхон байж чадвал бариан дээр гүйцэх боломжтойг мөн мэдэж байлаа.
Ер нь бариа руу дөхөх тусам миний давуу тал гарч ирдэг. Тиймээс би тайван байж, эргэлт рүү орохдоо гүйцнэ гэдгээ бүрэн мэдэрсэн. Улсын дээд амжилтыг дахиад шинэчиллээ. Европ тив дэх анхны энэ уралдаандаа сэтгэл дүүрэн байна” гэж тэр мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )