NBA-гийн драфт болж байна. Олон талтай, онцгой аюултай тоглогч гэгдэж буй 18 настай Күпэр Флэггийг “Даллас Маверикс” драфтын нэгээр сонгон авлаа. Их сургуулиудын Шилдэг тоглогчоор шалгарсан Күпэр Флэгг ердөө өнгөрсөн жил “Дьюк”-т орсон бөгөөд драфтын нэгээр сонгогдсон хамгийн залуу тоглогчдын жагсаалтын аман хүзүүнд бичигдлээ.
Драфтын онцгой азтай сугалаа таарсан “Даллас”-ынхны сонгосон Флэгг өнгөрсөн улиралд дунджаар 19.2 оноо, 7.5 самбар, 4.2 дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт, 1.4 блокшот хийсэн юм.
206 сантиметр өндөртэй, довтолгоо хамгаалалтандаа адил тэнцүү оролцоотой. Атлетик чанар сайтай, эцэж цуцахыг үл мэдэгч хэмээх рекламдалттай ийм залуу. Түүнийг авснаар Лука Дончичийг “Лэйкерс” рүү гэнэт явуулахад цочирдсон фанатуудынх нь сэтгэл бага ч гэсэн амарч байгаа биз ээ.
Грегг Поповичийг үдсэн “Сан Антонио” шинэ эринийхээ эхлэл дээр драфтын аман хүзүүгээр Ратгерсийн нэгдүгээр курсын Дилан Харпер хамгаалагчийг сонгож авлаа. Ратгерсийн түүхэнд драфтад ийм дээгүүр гарсан тоглогч байгаагүй юм. 1978 онд Жэймс Бэйлиг “Сиэтл” 6-гаар сонгосон нь одоог хүртэл хамгийн дээд жагсаалт байв.
Шинэ дасгалжуулагч Митч Жонсоны шинээр бүрдүүлж буй залуу багт Виктор Вэмбаньяма, Стефон Кастл нарын хамт Рон Харперийн хүү Дилан тоглохоор болж байна. Дилан өнгөрсөн улиралд дунджаар 19.4 оноо, 4.6 самбар авсан.
Драфтын гурваар Эйс Бэйли “Филадельфи”-д очно гэж яригдаж байсан ч асуудал үүссэн тул 19 настай, хурдтай хамгаалагч "Бэйлор"-ийн Эжкомбыг сонгож авлаа. Багамын арлуудын шигшээ багийн тоглогчийн хувиар олонд танигдсан энэ залуу Филадельфигийн арыг олон жил дааж, авч явах чадвартай гэж үнэлэгджээ.
“Шарлотта” довтлогч Кон Кнүппелийг дөрвөөр сонгож авалаа. Гурвын шидэлтийн онч нь 40.6 хувтай энэ залуу торгуулийн шидэлтийг 91.4 хувьтай гүйцэтгэдэг үзүүлэлттэй. Мөн 10 гаруй тоглолтод 4 болон түүнээс олон дамжуулалт өгсөн нь холбон тоглогчийн чадвартайг нь харуулжээ. ACC-гийн MVP. Драфтыг тэргүүлсэн Күпэр Флэггийн адил “Дьюк”-ийн тоглогч юм.
Тэгвэл “Ратгерс”-аас өөр нэгэн тоглогч драфтын айргийн тавд орж ирсэн Эйс Бэйли. Уг нь гурваар “Филадельфи”-д очихоор байсан ч өөрөө шалгуулахаар очоогүй. Ер нь зарим мэдээллээр бол “Юта Жаз”-д ч очихыг хүсэхгүй байна гэж байсан. Гэхдээ “Юта” түүнийг авсныг бодвол ойлголцсон бололтой. Дилан Харперийн өгүүлснээр бол их хөгжилтэй, дуу шуутай залуу бололтой. NBA-д орохдоо ч хөөрхөн шуугиулаад авлаа. Эйс Бэйли довтлогч. Олон талт тоглолттой, атлетик чанар сайтай. Ирэх сард 19 нас хүрэх юм.
Драфтын нэгээр сонгогдсон Күпэр Флэггийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх линкээр дамжин орж, мэдээлэлтэй нь танилцаарай.
https://news.zindaa.mn/545i
Сэтгэгдэл ( 0 )