Сэлгээгүй эрэгтэйчүүд маргаантай хожигдож,  эмэгтэйчүүд өнөөдөр чухал тоглолт хийнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

 

Сагсан бөмбөгийн 3х3-ийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Ази тивд анх удаагаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хүлээн авч, хэсгийн тоглолтууд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэй 40, эмэгтэй 27 улсын баг тамирчид оролцож буй олимпын төрлийн энэхүү том тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсэгтээ дөрөв тоглож, хожил авч чадсангүй.

Тэмцээний 3 дахь өдөр Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг сэлгээгүй гурвуулаа тулж тоглосон. Э.Дөлгөөн шилбэний эрээн булчингийн гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсноор А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар Монтенегро болон Японы шигшээтэй амрах сөхөөгүй тоглосон юм.

Энэ сарын 23-нд АНУ-д 18:21, Латвид 16:21-ээр хожигдсон бол өчигдөр Монтенегрод 15:18, Японд 20:21-ээр хожигдож, хэсгийнхээ сүүлчийн байрт орлоо. Японтой 10:10-аар тэнцэж явахад  Рио Озавагийн талбайн шугамны гадна гишгэснийг шүүгч анзаараагүй нь тоглолтын хувь заяаг шийдсэн нэгэн агшин болов.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг уржигдар эхний хоёр тоглолтоо хийсэн. Эхлээд Бразилыг 16:14-өөр хожсон бол дараа нь Испанид 10:22-оор хожигдоод байна. Өнөөдөр Герман болон Украинтай хэсгийн сүүлчийн хоёр чухал тоглолтоо хийх болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.46) 2025 оны 06 сарын 26

Хожигдоосой

0  |  0
Close menu