NBA-гийн “Лос-Анжелес Лэйкерс” клубыг энэ ондоо багтааж тэрбумтан Марк Уолтерт зарахаар болсноо Жини Басс мэдэгдлээ.
Долоо хоногийн өмнө ийм наймаа хийхээр болж буй талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэлсэн юм. Тэгвэл өчигдөр үүнийг албан ёсоор баталгаажууллаа. Клубыг 10 тэрбум ам.доллароор зарахаар тохиролцсон бөгөөд Америкийн спортын түүхэн дэх хамгийн үнэтэй зарагдсан клуб болох нь ээ.
“Тэрбумтан Марк Уолтер NBA-гийн ”Лос-Анжелес Лэйкерс” клубын хувьцааны хяналтын багцыг Buss Family Trust –аас авахаар тохиролцоонд хүрлээ. Жини Басс клубын бүх үйл ажиллагааг хариуцсан хэвээр үлдэж, ажиллах болно” гэж хоёр талын нэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.
“Аав минь “Лэйкерс”-ийг авсан өдрөөс хойш бид энэ хотыг бүрэн төлөөлөх чадвартай, үргэлж ялалтын төлөө зүтгэдэг, өөрийн гэсэн онцлогтой клуб бий болгохоор шийдэмгий ажилласаар ирсэн.
Марк бол бидэнтэй адил үнэ цэнэт зүйл гэж юу байдгийг маш сайн мэддэг, түүнийхээ төлөө ажиллаж чаддаг хүн. Сүүлийн дөрвөн жил хамтран сайн ч ажиллалаа. Цаашид ч аугаа клубын өв уламжлалыг үргэлжлүүлэн ажиллах болно” гэж Жини Басс мэдэгдсэн байна.
Марк Уолтер бол TWG Global компанийн ерөнхий захирал. Энэ компанийн мэдэлд “Лос-Анжелес Дожерс”, “Лос-Анжелес Спаркс” зэрэг нэг хотын клубүүд байдаг төдийгүй мөн Английн Премьер лигийн “Челси” клубын хувьцаа эзэмшигчдийн нэг юм.
Үүнээс гадна Billie Jean King Cup, Cadillac Formula One зэрэг тэмцээн, клубүүдийн эзэмшигч.
1979 онд “Лэйкерс”-ийг харизмт магнат Жерри Басс худалдан аваад Дэлхийн брэнд болтол хөгжүүлж чадсан. Бассын эринд 11 удаа NBA-гийн аварга болсон. Мэжик Жонсоны шоуны цаг, Коби Брайантын манлайллын үе, хожим супер од Леброн Жэймсийн түрүү, хэдхэн сарын өмнө Лука Дончичийн гэнэтийн наймаа гээд “Лэйкерс” бол фанатуудаа уйдаахын үл мэдэгч клуб билээ.
“Спортын салбартаа хамгийн олонд танигдсан брэндийн нэг бол “Лэйкерс”. Жерри Басс энэ клубыг авсан цагаасаа сагсанбөмбөгийн хэдэн үеийн магнайллыг бий болгож, өндөр стандарт тогтоосон. Одоо та бүхэн Дэлхийн өнцөг булан бүрт “Лэйкерс”-ийн логотой хувцас өмссөн хүмүүсийг хардаг нь түүний бүтээл юм” хэмээн Марк Уолтер мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )