Леброн Жэймс “Лейкерс”-тэй эрхийнхээ дагуу 52.6 сая ам.долларын гэрээг идэвхжүүлэхээр болсон нь амиа хичээсэн алхам гэх шүүмжлэл рүү түлхсэн. Ер нь Леброн Жэймсийг замналынх нь туршид үл ойшоож, уран гоё тоглолттой биш гэх юмуу Жордан шиг өөрөө багаа аварга болгох бус харин өөр хүчтэй тоглогчидтой багт очиж байж аварга болдог гэх мэтээр өөлдөг хүмүүс олон байдаг.
Тэгвэл Стэн Ван Ганди яг энэ сэдвээр өөрийн бодлоо хэлжээ.
“Леброныг янз бүрээр үзэн ядаж, шүүмжилсээр удаж байна. “Майами”-д очихоор болсноо шууд эфирээр зарлалаа гэж, Эрик Споэльстратай зөрчилдлөө гээд л шүүмжилсэн. NBA-гийн түүхэнд түүн шиг замналтай нь үгүй байхад шүүмжилсээр л байна. Магадгүй түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч биш байж болно. Гэхдээ гайхамшигтай замналтай нь хөдөлшгүй үнэн.
Энэ залуу наймдугаар ангид байхдаа л олны танил болчихсон нь надад гайхалтай санагддаг. Тэрнээс хойш ямар том муу муухай дуулианд орооцолдсон юм бэ? Нэг ч тийм юм байхгүй. Зөвхөн сагсанбөмбөгөө тоглоод, лигийнхээ нүүр царай болсоор өдий хүрсэн. Тэгсэн хэрнээ л үзэн ядагддаг. Яагаад тэгж их сөрөг хандлага чиглэдгийг нь ойлгох ч үгүй юм. Магадгүй бүгд Майкл Жорданыг бурхан шиг шүтдэг болохоор “Энэ Леброн тэрний хэмжээнд хүрнэ гэж үү?” гэх асуулт үзэн ядалт руу хөтөлдөг байх. Леброныг хүлээн зөвшөөрөхийн оронд үзэн яддаг нь гунигтай” хэмээн Ван Ганди өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )