NBA-гийн түүхэнд анх удаагаа 7 баг оролцсон том солилцоо болж, дүнд нь Кевин Дюрант “Рокитс”-т очлоо.
“Финикс”-т хоёр жил тоглосны дараагаар Дюрант ийнхүү Хьюстоныг чиглэж байна. Солилцоонд “Финикс”, “Рокитс”, “Хаукс”, “Миннесота”, “Уорриорз”, “Нетс” болон “Лейкерс” оролцсон юм.
Өчигдөр ням гаригт NBA түүхэндээ байгаагүй олон баг оролцсон энэхүү солилцоог баталгаажуулсан байна.
“Кевин бол талбайн хоёр захад хоёуланд нь хүрч, нөлөөлж тоглож чаддаг, сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн үр ашиг сайтай довтлогчдын нэг. Өнгөрсөн улиралд манай багийн тоглолт илт сайжирсан нь таалагдсан. Үүн дээр Дюрант богино хугацаанд дасан тоглох бүрэн боломжтой” гэж “Рокитс”-ын ерөнхий менежер Рафаэль Стоун өгүүлжээ.
7 баг оролцсон энэхүү том солилцоонд нийтдээ 13 тоглогч хамрагдлаа. Мэдээж, гол солилцоо нь Финиксээс Хьюстонд очиж буй Дюрант. Мөн “Рокитс”-оос Жален Грин, Диллон Брүкс нар эсрэг урсгалаар Финиксийг чиглэлээ. Мөн Клинт Капелийг “Хоукс”-аас Хьюстоны клуб авсан зэрэг солилцоонууд хийлээ.
Өнгөрсөн зун 6 баг оролцсон солилцоогоор Клэй Томпсон “Даллас”-т очсоныг ийнхүү 7 баг болгож дээд үзүүлэлтэд тооцогдлоо.
“Кевин бол түүхэн дэх хамгийн аугаа тамирчдын нэг. Манай багт үзүүлсэн нөлөөг нь үнэлж, талархаж буйгаа илэрхийлье” хэмээн “Финикс”-ийн ерөнхий менежер Брайан Грегори өгүүлсэн байна. Дюрант өнгөрсөн улиралд дунджаар 26.6 оноо авсан юм.
Сэтгэгдэл ( 0 )